Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийг хэдэн наснаас нь спортоор хичээллүүлэх вэ?

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

-Сургуулийн өмнөх насны хүүхдэд тохиромжтой спорт-

Хүүхдийг сургуульд орохоос нь өмнө спортоор хичээллүүлж эхлэх нь хамгийн тохиромжтой. Энэ үед хүүхдийг усанд сэлэх, тэшүүр, цана, чаргаар  гулгах, дугуй унах  зэрэгт сургаарай. Ингэснээр хүүхдийг баярлуулаад зогсохгүй бие бялдрын хөгжилд нь сайнаар нөлөөлж, эрүүл мэндэд нь ч тустай. Мөн зоригтой, тэвчээртэй, уйгагүй болгох бөгөөд хүүхдийг хөдөлгөөний эвсэлтэй болгодог. 

Сэлэлт

Хүүхдийг 4-5 настайд нь усан сэлэлтээр хичээллүүлэх нь тохиромжтой. Эхний ээлжинд уснаас айхгүй болгож, гүнзгий биш хэсгээр чөлөөтэй хөдөлж явахад сургана. Дараа нь толгойгоороо ус руу шумбах, резинэн хөвөгч тоглоомын тусламжтайгаар сэлэхэд сургана.

Тэшүүр

Тэшүүрээр 5-6 настайгаас нь гулгаж сургана. Эхний удаа тэшүүр дээр зогсож сурах, дараа нь хүний тусламжтайгаар тэшүүрээ хөдөлгөн гулгах, мөн бие даан урагш гулгах, эцэст нь эргэх зэрэг хүнд хөдөлгөөнүүдийг сурдаг.

Чарга

Чаргаар хүүхэд 3-4 настайгаасаа эхлэн бие даан гулгаж чаддаг. Намхан уул, гүвээ, эсвэл бага зэргийн налуугаас бууна. Чаргаа хэрхэн удирдахыг зааж сургах хэрэгтэй. Мөн энэ наснаасаа цанаар гулгах чадвартай болно. Цанын урт нь хүүхэд гараа дээш өргөсөн хэмжээтэй ижил, таяг нь суганд нь тулсан хэмжээтэй байхад тохирно. Цанын гутлын оронд эсгий гутал хэрэглэж болох ба ингэхдээ өсгийгөөр нь оруулан даруулдаг бэхэлгээг гутлын хэмжээгээр нь тохируулаарай.

Унадаг дугуй

Ойролцоогоор гурван настайгаас дугуй унахыг зааж болно. Эхний удаад гурван дугуйтайг, таван нас хүрэхэд нь хоёр дугуйтайг унуулж сургана. Эхний үед хүүхэд дугуй залж, удирдах дадалд суралцаагүй байдаг тул унаж гэмтэх аюултай. Иймд том хүн хажууд нь тогтмол байж дугуйн дээр зөв суух, зөв жийхэд, удирдахад сургах хэрэгтэй. Бөгтийхгүйгээр хөл нь гишгүүр дээр хүрдэг байх ёстой.

Мэдээллийн эх сурвалж: ЭМЯ