Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Олон жил өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хүсэл биелнэ"

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 1 сарын 28
iKon.MN

“Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо

Тус хэлэлцүүлэгт эмэгтэй гишүүд, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд болон Боловсрол, шинжлэх ухааны яамны газрын дарга нар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч, НҮБ-ын “Хүүхдийн сан” Бага насны хүүхдийн хөгжлийн мэргэжилтэн, “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төв” Төрийн бус байгууллага, “Өүлэн эх” төв, нийслэлийн дүүргүүдийн холбогдох хэлтсийн мэргэжилтэн, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцож санал, бодлоо солилцлоо.

БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга

“Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”-ийн төслийн талаарх танилцуулга: /БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга/

Бага насны хүүхдүүдийг харах хүнгүйгээс хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа 94500 эцэг, эх асран хамгаалагч, тодорхой хөдөлмөр эрхэлснээр өрхийн хөгжлийг дэмжиж, гэр бүлийн байнгын орлоготой болох боломжийг бүрдүүлэх  юм байна.

Мөн цэцэрлэгт бүртгэгдсэн хүүхэд төрөөс санхүүгийн дэмжлэг авч байгаа. Харин цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас санхүүжилт авч чаддаггүй энэхүү тэгш бус тогтолцоо хуулийн төсөл батлагдсанаар өөрчлөгдөнө.

Үүнтэй уялдаад 1,6-6 хүртэлх насны бүх хүүхэд санхүүгийн дэмжлэг авах шударга тогтолцоо бий болохын зэрэгцээ бага насны хүүхдэд хүрэх асаргаа сувилгаа сайжран, хүүхэд бүрт хүрсэн үр дүнтэй арга хэмжээг хөгжүүлж, цэцэрлэгийн өнөөгийн хэт ачаалал буурна.

Ялангуяа цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдийн 90 хувь нь ажил төрөлтэй буюу төрийн албан хаагчийн хүүхдүүд байдаг. Иймд төрийн байгууллагын дэргэд ч хүүхэд харах төвийг бий болгох боломж бүрдэх юм байна.

Хэлэлцүүлэгт оролцогчдын санал бодол:

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг

Л.Эрдэнэчимэг, “ УИХ-ын эмэгтэй гишүүд  хүүхдийн цэцэрлэгийн асуудлаар ярилцаж тоон мэдээллийг цуглуулан шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, гадаадын бусад орны хүүхэд харах үйлчилгээний талаар судалсан.

Ингэснээр 2012 оны намар “Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг боловсруулж 2013 оны эхээр Улсын Их Хуралд өргөн барьсан.

Бидний санаачлан өргөн барьсан хуулийн төсөлд өнөөдрийн хэлэлцүүлж байгаа “Хүүхэд харах үйлчилгээний хуулийн төсөл”-ийн үндсэн санаа хамтдаа явж байгаа. Өнөөдөр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 242000 хүүхэд байгаа гэж байна.

Харин бидний гаргасан тоон үзүүлэлтээр өнөөдөр 80-90 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа.

Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд хүүхэд харах үйлчилгээнд хүнсний нэг стандарт тавьж ажиллах шаардлагатай.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны яам 56000 хүүхэд цэцэрлэггүй байгаа гэж хэлдэг. Үүнд хувилбарт сургалтад хамрагдаж байгаа хүүхдүүдийг цэцэрлэгт явж байна гэж хэлэхэд хэцүү.

Цэцэрлэгт явж чадахгүй байгаа хүүхдүүдэд хотын төвийн болоод төрийн ажил хийдэг, шийдвэр гаргах түвшний хүмүүсийн хүүхдүүд хамрагддаггүй. Харин хотын захын дүүрэгт амьдарч байгаа болон гэр хороолол, аймаг, сумын төвийн айл өрхийн хүүхдүүд цэцэрлэгт явж чадахгүй байна. Эдгээр хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахын тулд цэцэрлэг барих шаардлагатай байдаг.

Гэтэл 120 хүүхдийн цэцэрлэг барихад нэг тэрбум 200 сая төгрөг хэрэгтэй. Өнөөдөр 80 мянган хүүхдэд зориулж 800 цэцэрлэг шинээр барих шаардлагатай байна. Энэ мөнгийг өнөөдөр болоод ойрын 10 жилд гаргах боломжгүй. Иймээс хүүхэд харах үйлчилгээ яах аргагүй шаардлагатай байгаа.

Өнөөдөр гэр хороололд байрладаг хамгийн хямд цэцэрлэг 120 мянган төгрөгийн төлбөртэй байна. 300-400 мянган төгрөгийн орлоготой өрх энэ төлбөрийг төлөхөд хүндээр тусна.

Түүнчлэн эцэг, эхийн хяналт хамгийн чухал. Мөн хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд хүүхэд харах үйлчилгээнд хүнсний нэг стандарт тавьж ажиллах шаардлагатай”.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

Д.Оюунхорол, “Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн статистик тоог хоёр янзаар ярьж байна. 240 мянган хүүхэд өнөөдөр гэрээр байж цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа гэсэн үзүүлэлт бий. Энэ олон мянган хүүхэд стандартын шаардлага хангасан цэцэрлэгт хүмүүжиж чадахгүй байна.

Өнөөдөр сумын дотоод аж ахуй, нөөц бололцоогоо ашиглаад 100-200 сая төгрөгөөр 50-100 хүүхэд хамруулах цэцэрлэг барьж ашиглалтад оруулж байгаа бодит жишээ бий.

Энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яамтай ярилцаж, сургууль, цэцэрлэг барихад тавьж байгаа шаардлага, бодит нормативыг эргэж харах хэрэгтэй. 200-300 сая төгрөгийн зардлаар Канад технологиор цэцэрлэг барьж ашиглалтад оруулж байгаа загварууд ч байгаа. Энэ хууль батлагдсанаар олон жил өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тавьдаг хүсэл биелэх боломжтой болно гэж ойлгож байна.

Бэлтгэл ажлын хүрээнд БШУЯ багш бэлтгэх төлөвлөгөө гарах нь чухал.

Өнөөдөр өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо улсын хэмжээнд 87000 болсон. Энэ тоо жилээс жилд өсч байгаа. Европын орнууд ч ялгаагүй өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хүүхдээ асрах, ажил хийх боломжийг нь ихээхэн анхаардаг болсон. Үүний жишээ бол хүүхдийн цэцэлэгийн асуудал юм. Цэцэрлэгүүдэд ажиллах ажилчдын асуудалд маш их анхаарах хэрэгтэй. Иймд мэргэжлийн багш нарыг ажиллуулах, багш нарыг давтан болон түргэвчилсэн сургалтаар яаралтай бэлдэх шаардлагатай гэж үзэж байна.

Бэлтгэл ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам багш бэлтгэх төлөвлөгөө гарах нь чухал. Заавал дөрвөн жилийн бакалаврын сургалтаар бус, хоёр жилийн түргэвчилсан сургалтаар багш нарыг бэлтгэж дараа нь давтан сургах хэлбэрээр мэргэжил боловсролыг нь дээшлүүлэх замаар энэ асуудлыг шийдээд явах боломж бололцоо байгаа".

Хэлэлцүүлгийг зохион байгуулагчид оролцогчдоос гаргасан саналуудыг хуулийн төсөлд тусгахад анхаарч ажиллана гэдгээ хэлж байлаа.