Х.Амаржаргал: Энэхүү паркаа олон арван жилийн турш хадгалж, хамгаалан хөгжүүлээсэй гэж хүсэж байна

Д.Янжиндулам, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн буюу хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайд байгуулсан "Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн”-г өчигдөр НЗДТГ-т албан ёсоор хүлээлгэн өглөө.

Цэцэрлэгт хүрээлэнд задгай театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч болон өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай усалгааны бүрэн систем, цөөрөм зэрэг иж бүрэн тохижилтыг хийж, 40 мянга гаруй мод бутыг тарьж ургуулан, талбайг зүлэгжүүлжээ.

Гурван жилийн турш өдөр бүр нээлттэй байж, үйл ажиллагааг нь тогтворжуулсан цэцэрлэгт хүрээлэнгээ "Рио Тинто Монгол" ХХК-ийн захирал Х.Амаржаргал НЗД Б.Пүрэвдагвад хүлээлгэн өгөх үеэр “Өнгөрсөн хугацаанд паркаар давхардсан тоогоор 6 сая гаруй хүн үйлчлүүлсэн байна.

Өнөөдөр энэ парк зөвхөн ногоон байгууламж биш, харин гэр бүл, хүүхэд залуус, ахмад настан гээд бүх насны хүмүүсийн цуглаж, амарч, чөлөөт цагаа өнгөрөөдөг хотын чухал орон зай болж хөгжжээ.

Энэхүү паркаа олон арван жилийн турш хадгалж, хамгаалан хөгжүүлээсэй гэж хүсэж байна” гэв.

зураг
 

2024 онд тус цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноос хойш “Рио Тинто Монгол” ХХК арчилгаа, хамгаалалт, үйлчилгээ, цэвэрлэгээг нь хариуцаж ирсэн бөгөөд энэ оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн Улаанбаатар хотын захиргаа цэцэрлэгт хүрээлэнг хариуцан ажиллахаар болжээ.

Ирэх онд “Рио Тинто Монгол” компанитай хамтран дунд хэмжээний цэцэрлэгт хүрээлэнг гэр хорооллын бүсэд хоёр байршилд байгуулахаар болсныг хотын дарга зарлав.