"Шатахуун татан авах болон борлуулах хурдын зөрүүгээс хомсдол үүсэхвий гэсэн шок бий болж байна"

Б.Бадамгарав, IKon.mn
55 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шатахууны асуудлаар байгуулагдсан Шуурхай штаб өнөөдөр ээлжит мэдээллийн хурлаа хийлээ.

2026 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ 59,000 тонн АИ-92 автобензин, 188,570 тонн дизель түлш, 11,000 тонн онгоцны түлш буюу 257,000 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирсэн гэдгийг Ашигт малтмал газрын тосны газрын, газрын тосны хэлтсийн дарга Д.Даваабаяр хурлын эхэнд мэдэгдэв.

Мөн тэрбээр "Есдүгээр сарын 30-нд Улаанбаатар төмөр замын хэмжээнд 217 вагонцистерн буюу 13,000 тонн АИ-92 төмөр замаар тээвэрлэгдэн ирж байна. Сүхбаатар, Замын-Үүд боомтуудаар АИ-92 автобензиний импорт тасралтгүй хийгдэж байгаа. 13,000 тонн гэдэг бол ердийн хэрэглээгээр тооцоход манай улсын 5-6 өдрийн хэрэглээний автобензин төмөр замаар тээвэрлэгдэн ирж байна гэсэн үг. Үүнээс 68 нь буух өртөөдөд хүргэгдэн гаалийн бүрдүүлэлтээ хийж байна. Нийлүүлэгч талуудаас импортоор тасралтгүй хийгдэж байна" гэв.

Өнөөдрийн хуралд импортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож мэдээлэл өглөө.

Тухайлбал "Super 92" компанийн төлөөлөл "ОХУ-д үүссэн нөхцөл байдлын улмаас сар бүрийн нийлүүлэлт 20-30 хувь буурсан нь шатахууны хомсдолыг бий болгож байна. Өдөр бүр шатахуун орж ирж байгаа. Хэрэглэгчид шатахуунгүй болохвий, тасрахвий гэсэн айдсаас үүдэлтэйгээр шаардлагагүй үед заавал банкаа дүүргэе гэх, бөөнөөрөө дугаарлах зэрэг нөхцөлийг үүсгэж байна. Хэрэв энэ нь багасвал ААН-үүд нөөц бүрдүүлэх боломжтой болно гэдгийг анхаарах хэрэгтэй байгаа" гэв.

Харин ШТС-ууд үлдэгдлээ багасгангуут борлуулалтаа зогсоож байгаа гэх асуудалд "Хий сорох хэмжээ гэж бий. Шатахуун дуусаж байгаа талаар мэдээлэл ирвэл зогсоох техникийн шаардлага байдаг" гэлээ.

М-Ойл компанийн төлөөлөл "Борлуулалтаа аль болох таслахгүй байхын тулд ажиллаж байна. Автомашин эзэмшигчид, жолооч нартаа хандан хэлэхэд шатахуун борлуулж байгаа хурд болон шатахуунаа татан авч төвлөрүүлэх хурдын зөрүүгээс үүдэн хомсдол үүсэхвий гэсэн шок бий болоод байна. Энэ цаг үеэ төр болон хувийн хэвшлийнхэн, иргэд хамтдаа даван туулах шаардлагатай байна" гэв.