Энэ өвөл хур тунадас нэмэгдэж, гэнэтийн дулаарал, хүйтрэл болох тул өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэхийг анхааруулав
Ирэх 11, 12, 1-р сарын цаг агаарын төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Энэ өвөл хур тунадас нэмэгдэж, цасан бүрхүүл зузаарах, гэнэтийн дулаарал, хүйтрэлээс шалтгаалан мөсөн бүрхүүл үүсэх, зам даваа халтиргаа гулгаатай болох зэрэг нөхцөл бүрдэж болзошгүй байгаа тул зуны хугацаанд хуурайшилт ихтэй байсан болон бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц хангалтгүй бүс нутгуудад өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх шаардлагатайг анхааруулав.
Түүнчлэн температурын гэнэтийн дулааралт болон хүйтрэл нь малын бэлчээрлэлт, замын хөдөлгөөн, эрчим хүчинд богино хугацаанд хүндрэл учруулж болзошгүй тул тухайн үеийн цаг агаарын сэрэмжлүүлэг, гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг цаг тухай бүрд авч ашиглахыг зөвлөлөө.
Олон жилийн дундаж /ОЖД/ гэдэг нь ойлгоход хэцүү зүйл огт биш юм. Товчхондоо 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг хэлдэг.
11-р сар
11-р сард агаарын температур ОЖД-аар:
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -14...-20°С,
- Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -2... -8°С,
- бусад нутгаар -8... -14°С байдаг.
2026.11-р сард:
Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
[Н–агаарын температур ОЖД–ын орчим, Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн]
11-р сард хур тунадас ОЖД-аар:
- Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор 4–10 мм,
- Алтайн нуруу, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–2 мм,
- бусад нутгаар 2–4 мм ордог байна.
2026.11-р сард: Нийлбэр хур тунадас Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
[Н–хур тунадас ОЖД–ийн орчим, И–хур тунадас ОЖД–аас ахиу]
12-р сар
12-р сард агаарын температур ОЖД-аар:
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Идэр, Онон голын сав газраар -22...-30°C,
- Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -10...-16°C,
- бусад нутгаар -16...-22°C,
2026.12-р сард:
Агаарын дундаж температур Баян–Өлгийн, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
[Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ын орчим]
12-р сард хур тунадас ОЖД-аар:
- Увс нуурын хотгор болон Орхон, Сэлэнгийн сав газраар 2–4 мм,
- бусад нутгаар 0–2 мм ордог байна.
2026.12-р сард: Нийлбэр хур тунадас Өмнөговийн ихэнх, Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
[Н–хур тунадас ОЖД–ийн орчим, И–хур тунадас ОЖД–аас ахиу]
1-р сар
1-р сард агаарын температур ОЖД-аар:
- Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Идэр, Тэс голын хөндий, Их нууруудын хотгороор -26...-32°C,
- Хэнтийн уулархаг нутаг, Туул, тэрэлж голын хөндийгөөр -22...-26°C,
- Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -12...-16°C,
- бусад нутгаар -18...-22°C байдаг байна.
2026.1-р сард: Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
[Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ын орчим]
1-р сард хур тунадас ОЖД-аар:
- Увс нуурын хотгор, Орхон, Сэлэнгийн сав газар, Дорнодын тал нутгаар 2–4 мм,
- бусад нутгаар 0–2 мм цас ордог байна.
2026.1-р сард: Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
[Н–хур тунадас ОЖД–ийн орчим, И–хур тунадас ОЖД–аас ахиу]
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
