Эмээлт аж үйлдвэрийн паркийн ДЦС болон бохир ус цэвэрлэх байгууламжид нийслэлийн төсвөөс ₮224.6 тэрбумыг зарцуулна

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн хоногт 6,700 метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн загвар зураг батлагджээ.

Тус бохир ус цэвэрлэх байгууламж нь паркт үйл ажиллагаа явуулах арьс шир, ноос, ноолуур, мах, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдээс үүсэх үйлдвэрийн бохир ус болон паркийн бүсэд баригдах орон сууц, үйлчилгээний байгууллагуудын ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалттай бие даасан байгууламж аж.

Цэвэрлэх байгууламжийн онцлох технологийн шийдэл нь ахуйн бохир ус, үйлдвэрийн бохир ус болон хром агуулсан бохир усыг тус тусад нь хүлээн авч, гурван бие даасан шугамаар боловсруулан цэвэрлэх системтэй бөгөөд механик болон химийн урьдчилсан цэвэрлэгээ, 6 үе шатны шинэ технологийн процесс бүхий биологийн цэвэрлэгээний системтэй, химийн хэрэгцээт хүчилтөрөгч (COD)-ийг бууруулах озонжуулалтын технологи, хэт ягаан туяагаар ариутгах, халдваргүйжүүлэх систем, аваарын нөөц сантай байна.

Эко аж үйлдвэрийн паркийн бохир ус цэвэрлэх байгууламжийг цаашид 20,000 м³/хоног хүртэл өргөтгөх боломжтой бөгөөд нийт цэвэрлэх бохир усны 63 хувь нь үйлдвэрийн, 37 хувь нь ахуйн бохир ус байхаар тооцоолжээ.

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дулааны цахилгаан станц, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажлыг 2028 онд гүйцэтгэж дуусгахаар төлөвлөж, нийслэлийн төсвөөс нийт ₮224.6 тэрбумыг зарцуулахаар баталснаас энэ онд ₮50 тэрбумыг тусгасан байна.