Уншиж байна ...

Метроны шугамын нөлөөлөлд өртөх иргэд, ААН-үүдийг нүүлгэх, шударга нөхөн олговор олгох төлөвлөгөөг боловсруулж өгчээ

Д.Янжиндулам, ikon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.

Өнөөдрийн байдлаар төслийн бүтээн байгуулалтын ажлын тодорхой хэсгийг гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хүрээнд олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын тавьдаг байгаль орчин, нийгмийн шаардлагуудыг бүрэн хангасан баримт бичгүүдийг боловсруулж дуусжээ.

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн иж бүрэн үнэлгээний дүгнэлтэд үндэслэн боловсруулсан "Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө" болон амьжиргаа сэргээх, соёлын өвийн менежмент зэрэг дэд болон тусгай төлөвлөгөөнүүд нь төслийн хэрэгжилтийн явцад байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хянах, удирдах тодорхой арга хэмжээг тусгасан байна. Ингэснээр метроны төсөл нь байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын шаардлагыг бүрэн хангаж, төслийг ил тод, хариуцлагатай, тогтвортой хэрэгжүүлэх эрх зүйн болон институцын суурь нөхцөлийг бүрдүүлжээ.

Метро төслийн менежментийн зөвлөхөөр ажиллаж буй БНСУ-ын “Духуа Инженеринг” ХК нь олон улсын туршлага бүхий “INOGEN ALLIANCE LLC”-тэй хамтран Олон улсын санхүүгийн корпорацын "IFC Performance Standards", "Equator Principles IV", мөн экспорт зээлийн агентлагууд, олон талт хөгжлийн банкууд, хөгжлийн санхүүгийн байгууллагуудын стандартуудад нийцсэн "Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн иж бүрэн үнэлгээ" болон "Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө"-г боловсруулжээ.

Мөн метроны шугамын дагуу хэрэгжих бүтээн байгуулалтын хүрээнд үүсэх газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой физик болон эдийн засгийн нөлөөллийг тодорхойлон, нөлөөлөлд өртөх иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах, шударга нөхөн олговор олгох, амьжиргааг сэргээх арга хэмжээнүүдийг тусгасан "Нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагааны төлөвлөгөө" боловсруулж, захиалагч талд хүлээлгэн өгсөн байна.

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн иж бүрэн үнэлгээний хүрээнд төслийн төлөвлөлт, барилга угсралт, ашиглалт, хаалтын бүх үе шатанд байгаль орчин, нийгэмд үзүүлэх шууд болон шууд бус, дам нөлөөллүүдийг иж бүрнээр нь үнэлж, байгаль орчин болон нийгэм, эдийн засгийн суурь судалгааг олон улсын арга зүй, стандартад нийцүүлэн гүйцэтгэхдээ Монгол Улсын хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүд болон олон улсын стандартуудын хоорондын нийцэл, зөрүүгийн шинжилгээг хийж, илэрсэн шаардлага, зөрчлүүдийг ESIA болон холбогдох менежментийн төлөвлөгөөнүүдэд бүрэн тусгалаа гэж Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.