Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц болон авто замд 2,600 гаруй хяналтын камерыг AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан системд холбож, хөдөлгөөнийг хянаж буй. Ингэхдээ замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт торгууль ногдуулж эхлээд дөрөв хонож байна.
Харин хяналтын камерыг суурилуулж, хиймэл оюун ухаанд суурилсан системд холбох төслийг хэрэгжүүлэх хугацаа энэ онд дуусахаар тооцоолжээ.
Тодруулбал 2024 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа авто замын уулзваруудыг камержуулах, нэгдсэн ухаалаг систем нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, программ хангамжийн нийт төсөвт өртөг 45.9 тэрбум төгрөг бөгөөд 2025 онд 9.3 тэрбумыг, энэ онд дамжуулан санхүүжих төсвийг 5.1 тэрбум төгрөгөөр баталсан байна.
Нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын дэргэд Теле камерын хяналтын дэд төвийг байгуулснаар камеруудын дүрс мэдээллийг нэгтгэж, нэгдсэн удирдлагад оруулах, нэгдсэн удирдлагын төвөөс дэд төвүүд хоорондоо мэдээлэл солилцох боломжийг бий болгосныг өнгөрсөн онд мэдээлж байсан юм.
Тэгвэл дүүргүүдэд Теле камерын хяналтын дэд төвийг хоёр жилийн хугацаанд байгуулах нийт төсөвт өртөг 33.8 тэрбум төгрөг. Үүнээс 2025 онд 5.4 тэрбум, он дамжуулан санхүүжих төсөв 3 тэрбум төгрөг байгааг НИТХ-аас баталсан 2026 оны төсвийн жагсаалт харууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!