Их Эзэн Чингис Хааны мэлмий гийсэн өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" тэргүүн зэргийн одонг Төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Их Сургуулийн эмирит профессор, Япон улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн, академич С.Нарангэрэлд гардууллаа.
Академич С.Нарангэрэл нь 1975 онд Монгол Улсын Их Сургуулийг төгссөн цагаасаа хойш сургуульдаа 50 дахь жилдээ багшилж байна.
Тэрбээр Ардчилсан Үндсэн хуулийг хэрэгжүүлэх эх үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах, Монгол Улсад хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрхзүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр хийгээд Их Эзэн Чингис хааны дэлхийн дахинд шударга ёс, энхийг тогтоосон их үйл хэрэг, гарамгай гавьяаг сурвалжлан судлахад олон жилийн нөр их хөдөлмөрөө зориулж, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэхэд олон арван бүтээл туурвин шинжлэх ухааны эргэлтэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн эрхэм хүндэт академич Содовсүрэнгийн Нарангэрэлийг Монгол Улсын төрийн эрхэм дээд шагнал "Чингис хаан" тэргүүн зэргийн одонгоор шагнан алдаршуулахаар шийдвэрлэсэн хэмээн ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр танилцуулсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!