Уншиж байна ...

"Чингис хаан" тэргүүн зэргийн одонг академич С.Нарангэрэлд олгохоор шийдвэрлэжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Их Эзэн Чингис Хааны мэлмий гийсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-н маргааш тохионо.

Уг өдрийг монголчууд "Монгол бахархал"-ын өдөр болгон бүх нийтээрээ тэмдэглэж, Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" тэргүүн зэргийн одонг соёрхон олгодог уламжлалтай.

Энэ жил тэргүүн зэргийн одонг хэнд гардуулах талаар Ерөнхийлөгчийн Тамгын Газар(ЕТГ)-аас өнөөдөр танилцуулав.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр "Ардчилсан Үндсэн хуулийг хэрэгжүүлэх эх үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах, Монгол Улсад хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрхзүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр хийгээд Их Эзэн Чингис хааны дэлхийн дахинд шударга ёс, энхийг тогтоосон их үйл хэрэг, гарамгай гавьяаг сурвалжлан судлахад олон жилийн нөр их хөдөлмөрөө зориулж, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэхэд олон арван бүтээл туурвин шинжлэх ухааны эргэлтэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн эрхэм хүндэт академич Содовсүрэнгийн Нарангэрэлийг Монгол Улсын төрийн эрхэм дээд шагнал "Чингис хаан" тэргүүн зэргийн одонгоор шагнан алдаршуулахаар шийдвэрлэсэн" гэж өнөөдөр танилцууллаа.

Төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Их Сургуулийн эмирит профессор, Япон улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн, академич С.Нарангэрэл нь удам дамжсан багш, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч төдийгүй нэрт хуульч, өмгөөлөгч, хууль тогтоогч, төр нийгмийн зүтгэлтэн юм.

Академич С.Нарангэрэл нь 1975 онд Монгол Улсын Их Сургуулийг төгссөн цагаасаа хойш сургуульдаа 50 дахь жилдээ багшилж байна.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг:

  1. 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
  2. 2006 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав
  3. 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
  4. 2010 онд төр, нийгмийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Р.Гончигдорж
  5. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди
  6. 2012 онд УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэл
  7. 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном
  8. 2014 онд нэрт эрдэмтэн, физикч, академич Х.Намсрай
  9. 2015 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо
  10. 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар
  11. 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр
  12. 2019 онд The Hu хамтлаг
  13. 2021 онд сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа
  14. 2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин
  15. 2022 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов, АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор Жак Уэтерфорд
  16. 2023 онд Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулга
  17. 2024 онд НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-д хүртээжээ.

"Чингис хаан" одонд нэр дэвшүүлэх, шагнах журам:

2 дугаар зүйл. “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх

2.1.1.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээд;

2.1.2.Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэн.