Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах уралдаанд Франц, Хятад, Австрали улсын багийн бүтээлүүд шалгарчээ
Хүннү хотыг ухаалаг, ногоон, тогтвортой хот төлөвлөлтийн зарчимд суурилан хөгжүүлэх, Монгол Улсын түүхэн өв, соёлыг дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хослуулан ирээдүйн хотын дүр төрх, дизайныг тодорхойлох зорилготой хот төлөвлөлтийн уралдаант шалгаруулалт нийслэл Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд болж, өндөрлөлөө.
Уралдаанд дэлхийн 24 багийн 82 олон улсын зочин, шүүгч хүрэлцэн ирж, дөрвөн өдрийн турш бүтээлийг шүүж, шилдгүүдийг тодруулав. Мөн 22,400 иргэн сошиал медиагаар саналаа өгчээ.
Уралдааны тэргүүн байрт Франц, хоёрдугаар байрт Хятад, гуравдугаар байрт Австрали улсын баг шалгарчээ.
Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны оролцогчид болон Финланд, Сингапур, БНХАУ-ын оролцогчид тусгай байрын шагналыг хүртсэн байна.
Шилдэг бүтээлүүдийн үзэл баримтлалыг Хүннү хотын төлөвлөлтөд тусгах бөгөөд төслийн бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулахаар дэлхийн 21 орны шилдэг 43 мэргэжлийн баг өрсөлдсөн бөгөөд Ази тивийн 8, Европ тивийн 9, Хойд Америк тивээс 3, Австрали тивээс нэг улс тус тус оролцсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
