Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 14-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Энэ тухай тус хотын захирагч М.Батбаяр "Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын уралдаанд дэлхийн шилдэг хот төлөвлөгч, архитектор, хотын хөгжлийн мэргэжилтнүүд оролцсон 24 баг Хангарди ордонд бүтээлээ дэлгэсэн. Олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 14-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Шинэ хот байгуулж байгаа улс орнууд олон улсын уралдааныг зарлаж, тухайн хотын үзэл баримтлалыг тодорхойлоход гаднын мэргэжилтнүүдийн нүдээр өөрсдийн боловсруулж байгаа төлөвлөлтийг олон хувилбартай болгох, шинэ техник, технологийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулагч нарт мэдээллийг хүргэх ач холбогдолтой байдаг. Олон улсын хот төлөвлөгч нар туршлагатай. Иргэд хот төлөвлөлтийн үзэсгэлэнг ирж үзэх боломжтой. Бизнесээ төлөвлөж байгаа хүмүүст олон улсын төслүүдтэй танилцах, ирээдүйгээ төлөвлөх боломж ирж байна.
Хүннү дагуул хотод их, дээд сургууль, тээвэр логистикийн төв, эдийн засгийн чөлөөт бүс, нисэх буудлыг түшиглэсэн аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулах төслүүд хэрэгжинэ" гэв.
Олон улсын хот төлөвлөлтийн арга хэмжээг шүүгч Вэнжун Ма: Шалгаруулалтад оролцож байгаа 24 баг өөрсдийн бүтээлч байдлаасаа суралцах боломжтой гэж харж байна. Зарим нь архитектур, хот төлөвлөлт, инженерийн шийдэл талаас илүү ханджээ. Тийм учраас өөр өөр туршлага, мэргэжлийн хүмүүс хамтран ажиллах сайхан боломж юм. Хүннү хот нь орчин үеийн амьдрал ба уламжлалт өв соёлыг хослуулсан олон талын санаа, чиглэлтэй байгаа нь онцлог юм.
Хот болон бүс нутгийн төлөвлөлтийн мэргэжилтэн, шүүгч Ал Амин Кабли: Шүүгчийн хувьд энэхүү олон улсын шалгаруулалт нь маш том сорилт байх болно. Аливаа зүйл нэг өдрийн дотор болдоггүй учраас цаг хугацааны явцад уян хатан, өөрчлөлтөд дасан зохицох боломжтой байх ёстой. Уг төсөл монгол хүмүүст зориулсан болохыг анхаарч, хүн болгонд байгаль орчинд ашиг тус авчрах төсөл байх хэрэгтэй.
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлж, хоёрдугаар шатанд 24 баг шалгарчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!