Уншиж байна ...

ХУУЛИЙН ТӨСӨЛ: Цахилгаан дугуй, скүүтерийг явган хүний замаар 10 км/ц-аас хэтрэхгүй хурдтай явахыг зөвшөөрч, ачаа тээвэрлэхийг хориглоно

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 10 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын хууль зүйн байнгын хорооны есдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцсэн байна. 

П.Батчимэг нарын найман гишүүн санаачлан боловсруулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Уянгахишигээр ахлуулж, бүрэлдэхүүнд О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Х.Баасанжаргал, О.НоминчимэгД.Пүрэвдаваа, Л.Соронзонболд нар ажиллахаар болжээ.



Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх онцлох заалтууд 

Нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг эрхлэхэд дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:

  • үйл ажиллагаа явуулах хүний нөөц, санхүүгийн чадавхтай байх;
  • тээврийн хэрэгсэл нь энэ хуульд заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндсэн шаардлага, зохих стандартад нийцсэн байх;
  • тээврийн хэрэгслийн техникийн оношилгоо, үйлчилгээний болон засвар, хадгалалт, угаалгын байртай байх;
  • татвар төлөгчөөр бүртгүүлсэн, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон байх.
Монгол Улсын нутаг дэвсгэрт цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхтэй.
Техникийн дээд хурд нь энэ хуулийн 3.1.13-т зааснаас илүү хурд бүхий цахилгаан дугуйг Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу мотоцикл ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, 18-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхтэй.
Цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн жолооч нь нийтийн эзэмшлийн замаар зорчих эрхтэй.

Цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн жолооч нь замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явна. Хэрэв унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд дараах замаар явж болно:

  • зорчих хэсгийн баруун гар талын зах буюу хөвөөгөөр болон нийтийн тээврийн эгнээгээр;
  • явган хүний замаар хурдыг цагт 10 км-ээс хэтрүүлэхгүй явах ба явган зорчигчид саад, аюул учруулахгүйгээр зорчино.
Энэ зүйлийн 121.2-т заасан цахилгаан дугуйн жолооч нь замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөж, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн дагуу зөвхөн замын зорчих хэсгийн баруун гар талаар явна.

Цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн жолоочид дараах зүйлсийг хориглоно:

  • Цахилгаан скүүтер, цахилгаан дугуй унахдаа зорчигч, ачаа тээвэрлэх;
  • Цахилгаан скүүтер, цахилгаан дугуйн залуурыг сул тавьж жолоодох;
  • Нэгээс илүү эгнээтэй зам дээр зүүн эргэх эсхүл буцаж эргэх;
  • Цахилгаан скүүтер, цахилгаан дугуй, хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгслийг чирэх эсхүл эдгээрээр чирүүлэх;
  • Явган хүний гарцаар цахилгаан скүүтер, цахилгаан дугуйг жолоодож зам хөндлөн гарах;
  • Харанхуй, үзэгдэх орчин муу үед замын хөдөлгөөнд оролцохдоо бусад тээврийн хэрэгслийн жолооч нарт харагдахуйц гэрэл ойлгогчгүйгээр явах;
  • цахилгаан дугуй, цахилгаан скүүтер болон бусад тээврийн хэрэгсэлтэй зэрэгцэх эсхүл ойрхон явах;
  • цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийг жолоодох үедээ гар утас ашиглах;
  • өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) үедээ жолоо барих;
  • нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийг эвдэх, гэмтээх;
  • нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийг зориулалтын зогсоолын байршилд байршуулахгүй орхих;
  • нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийг зориулалтын зогсоолын байршлаас бусад нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбай, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, авто зогсоол, ногоон байгууламж, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны газрын ногоон зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, эдгээртэй адилтгах газарт байршуулах.
Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 16 нас хүрээгүй хүүхдийг цахилгаан дугуй, цахилгаан скүүтер, хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд нь дараах үүргийг хүлээнэ:

  • энэ хуульд заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндсэн шаардлага, зохих стандартад нийцсэн цахилгаан дугуй, цахилгаан скүүтерээр үйлчилгээ үзүүлэх;
  • өөрийн эзэмшлийн цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийг улсын бүртгэлд бүртгүүлэх;
  • өөрийн эзэмшлийн цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийг тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамруулах;
  • тухайн нутаг дэвсгэрт эрх бүхий этгээдээс тогтоосон зогсоолын байршилд цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийг байршуулах;
  • эрх бүхий этгээдээс тогтоосон зогсоолын байршлаас бусад нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбай, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, авто зогсоол, ногоон байгууламж, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны газрын ногоон зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, эдгээртэй адилтгах газарт цахилгаан дугуй, цахилгаан скүүтер байршуулахгүй байх;
  • нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж зэрэг эрх бүхий этгээдээс тогтоосон бүсэд цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн техникийн дээд хурдыг цагт 5 км-ээс хэтрүүлэхгүй хязгаарлах технологийн арга хэмжээ авах;
  • мэдээллийн эзний зөвшөөрлөөр хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах;
  • цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн батарей, бусад аюултай хог хаягдлыг эрх бүхий байгууллагад эсхүл тогтоосон тусгай цэгт хүлээлгэн өгөх;
  • иргэдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцохыг сурталчлах, цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийг зүй зохистой ашиглах хэрэглээний соёлыг эзэмшүүлэх;
  • 16 нас хүрээгүй хүүхдийг нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтер унаж замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх технологийн арга хэмжээ авах.
  • нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг нөхөн төлөх эрсдэлийн сан байгуулах, эсхүл тээврийн хэрэгслийг даатгалд хамруулах зэрэг эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авах.

Цахилгаан дугуй, цахилгаан скүүтер нь дараах шаардлагыг хангасан байна:

  • 0,25 кВт хүртэл чадал бүхий цахилгаан хөдөлгүүртэй, техникийн дээд хурд нь цагт 25 км хүртэл байх;
  • Тоормосны бие даасан хоёр системээр тоноглогдсон байх ба тус бүр нь цахилгаан скүүтерийг аюулгүй зогсоох чадвартай байх;
  • Цахилгаан системийн эд анги, түүний дотор батарей нь гал, дэлбэрэлт, цахилгаан гүйдлийн аюул, эрсдэлээс хамгаалагдсан, цахилгаан соронзон нийцлийг хангасан байх;
  • Бүх жин нь жолоочгүй үед 55 киллограмаас хэтрэхгүй байх;
  • урд талд цагаан, ар талд улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр талдаа цагаан эсхүл шар өнгийн гэрэл ойлгууртай байх ба бусад тээврийн хэрэгсэлд харагдахуйц байх;
  • анхааруулах хонх эсхүл дуут дохиогоор тоноглогдсон байх;
  • үйлдвэрлэгчийн нэр, загвар танигч, дахин давтагдашгүй дугаар, техникийн дээд хурд, хөдөлгүүрийн чадал гэсэн мэдээллийг тусгасан тод, харагдахуйц, байгальд тэсвэртэй шошго байрлуулах.
”Цахилгаан скүүтер” гэж нэг хүн тээвэрлэхэд зориулагдсан, цахилгаан хөдөлгүүртэй, суудалгүй, техникийн дээд хурд нь цагт 25 км-ээс ихгүй, хоёр дугуйтай цахилгаан тээврийн хэрэгслийг;
”Цахилгаан дугуй” гэж нэг хүн тээвэрлэхэд зориулагдсан, цахилгаан хөдөлгүүртэй эсхүл цахилгаан хөдөлгүүр болон дөрөө хосолсон, техникийн дээд хурд нь цагт 25 км-ээс ихгүй, хоёр эсхүл хэд хэдэн дугуйтай цахилгаан тээврийн хэрэгслийг;
”Хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл” гэж унадаг дугуй, цахилгаан дугуй, цахилгаан скүүтерээс бусад нэг хүн тээвэрлэхэд зориулагдсан, цахилгаан хөдөлгүүртэй эсхүл хүний булчингийн хүчээр хангадаг, техникийн дээд хурд нь цагт 25 км-ээс ихгүй, нэг эсхүл хэд хэдэн дугуйтай тээврийн хэрэгслийг;
”Нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч” гэж өөрийн эзэмшлийн цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийг гэрээний үндсэн дээр хэрэглэгчид төлбөртэйгээр, тодорхой хугацаагаар ашиглуулах үйл ажиллагааг зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг хуулийн этгээдийг;