Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хувьзаяа: Энхтайвны өргөн чөлөөний замд автобусны нэгдүгээр эгнээг чөлөөлж, 15 байршилд ачилтын 39 машин ажиллуулж байгаа

Б.Манлай
2025 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөө буюу төв замын нийтийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлж, хотын гол гудамж, замын 15 байршилд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд саад болж байгаа автомашинуудыг цэгцэлж байгааг ЗХУТ-өөс мэдээлэв.

Энэ талаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа “Хичээлийн шинэ жил эхлэхэд замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Энхтайвны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлж байна.

Хувийн машинаар ихэвчлэн 1-2 хүн зорчдог бол нийтийн тээврээр олон хүн үйлчлүүлдэг. Тиймээс энэ арга хэмжээг хэрэгжүүлсэн.

Авто замын нэгдүгээр эгнээнд байршуулсан хяналтын камерыг бүрэн ажиллуулж, камерын нэгдсэн систем, удирдлагын ухаалаг технологийг ашиглан хөдөлгөөн зохицуулалт хийж байгаа.

Түр болон удаан хугацаанд зогсохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ бүхий газар нэгдүгээр эгнээнд автомашинаа байршуулж, хөдөлгөөнд саад учруулсан бол арга хэмжээ авч ажиллаж байна. Тодруулбал замын хөдөлгөөний оргил ачаалалд гол нөлөө үзүүлдэг 15 байршилд тээврийн цагдаагийн 37 байнгын алба хаагч, 39 ачигч, техник хэрэгслийг бэлэн байдалтай ажиллуулж, хөдөлгөөний зохицуулалт хийж байгаа юм. 

Нийтийн тээврийн бодлогын газраас 38 албан хаагч автобусны буудлуудад зөвшөөрөлгүй зогссон, түр зогссон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа” гэлээ.

Түүнчлэн автомашины техник хяналтын үзлэгт хуулийн хугацаанд хамрагдаагүй, тэнцээгүй, татвар, даатгал, торгууль авто зам ашигласны төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлах хяналт шалгалт хийж байгаа аж.