Уншиж байна ...

“Гадаад агентын хууль”-ийг эсэргүүцсэн 20,000 иргэн Гүржийн нийслэлд жагслаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Гүржийн парламент “гадаад агент”-ын гэгдэх хуулийн төслийг хэлэлцэж эхэлснийг эсэргүүцсэн 20,000 орчим хүн өчигдөр тус улсын нийслэл Тбилиси хотод жагсжээ.

Гадаад улс орнуудын нөлөөг хязгаарлах зорилготой гэгдэж буй уг хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг өчигдөр болоход 150 суудалтай парламентын 83 гишүүн дэмжсэн байна.

ОХУ-д хэрэгжиж эхэлсэн хуультай ижил төстэй ийм хууль батлагдвал эрх баригчид сөрөг хүчнийг нухчин дарах боломжтой болж, Европын Холбоонд элсэх үйл явцад саад учруулна гэж иргэд үзэж байгаа юм.

Өчигдөр орой олон мянган хүн Гүржийн парламентын ордны гадна жагсаж, замыг хаасан байна. Тэднийг тараахаар олон зуун цагдаагийн албан хаагч дайчлагджээ.

Жагсагчид Гүржийн төрийн дуулал, Европын Холбооны бэлгэдэл болсон “Ode to Joy” аяыг тоглуулж, “Оросын хуульд үгүй гэж хэлцгээе!” гэсэн уриаг нийтээрээ хашхирч байв.

зураг
 

Тэд дараа нь ерөнхий сайдын албан өргөөнд очиж, хуулийн төслөө нэг цагийн дотор буцааж татах шаардлага хүргүүлжээ.

Эсэргүүцлийн жагсаал Тбилисээс гадна тус улсын хоёр дахь том хот Батуми зэрэг хэд хэдэн хотод зэрэг зохион байгуулагдсан байна.

“Гадаад агент”-ын хуулийг эсэргүүцсэн жагсаал Даваа гарагаас хойш Тбилисид өдөр бүр зохион байгуулагдаж байгаа.

Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан Гүрж улс олон жилийн турш Европын гэр бүлд нэгдэхийг эрмэлзэж ирсэн юм.

Гэвч одоогийн эрх баригчид тус улсыг Москватай ойртуулахыг хичээх болсон нь иргэдийг бухимдуулж байгаа.

Ерөнхий сайд Иракли Кобахидзе шинэ хуулиа Өрнөдийн орнуудаас санхүүждэг төрийн бус байгууллагуудын ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготой гэж тайлбарладаг.

Харин Гүржийн ерөнхийлөгч Саломе Зурабишвили шинэ хуулийн төслийг “ард түмний хүсэл эрмэлзлэгийн эсрэг”, “нийгмийг тогтворгүй болгох Оросын стратеги” гэх зэргээр шүүмжилж, хориг тавихаа мэдэгдээд байгаа.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Европын Холбоо тус улсад гишүүний нэр дэвшигчийн статус олгосон юм.

Энэ нь Гүрж улсад шүүх засаглал, сонгуулийн систем, улс төрийн шинэчлэлт хэрэгжвэл гишүүнээр элсүүлэх албан ёсны үйл явц эхлэх болзол ажээ.

Хэрвээ шинэ хууль батлагдвал гадаадаас 20-оос дээш хувийн санхүүжилт авсан хараат бус төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслийг “гадаад улс орны эрх ашгийг төлөөлөгч” гэж үзэн бүртгэдэг болох юм.

 

Эх сурвалж: AFP