Уншиж байна ...

АНУ-ын Конгресс удаан хүлээгдсэн Украинд үзүүлэх тусламжийн асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Украин, Израиль зэрэг холбоотнуудад үзүүлэх зэр зэвсгийн тусламжийн багцыг энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөснийг АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсон өчигдөр мэдэгджээ.

Нийтдээ $96 тэрбумын тусламжийн асуудал Конгрессын дээд танхим Сенатын дэмжлэгийг авсан ч доод танхим болох төлөөлөгчдийн танхимд олон сарын турш саатаад байгаа.

Өнгөрсөн Бямба гарагт Иран улсын зүгээс Израилийн газар нутагт довтолсон нь тусламжийн асуудлыг яаравчлахад хүргэж байна.

Жонсоны мэдээлснээр хуулийн төслийг Израилийн болон Украины тусламжаар тус тусад нь салгаж хэлэлцэх гэнэ.

Украины засгийн газар зэр зэвсгийн хомсдолд орж, Оросын түрэмгийллийг эсэргүүцэхэд хүнд болоод байгаа.

Гэвч төлөөлөгчдийн танхим дахь баруун жигүүрийн Бүгд Найрамдахчууд хэт өндөр зардалтай гэсэн шалтгаанаар Украинд үзүүлэх тусламжийг одоогийн хэлбэрээр батлахын эсрэг байгаа юм.

Тэдний дунд 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвших магадлалтай байгаа Дональд Трамп багтаж байна.

Спикер Жонсон өмнө нь холбоотнуудын тусламжийн багцыг АНУ-ын хил хамгаалалтыг чангатгах нөхцөлөөр ерөнхийлөгч Жо Байдентай наймаалцахыг оролдсон ч бүтээгүй юм.

“Дэлхий дахинд хурдацтай үйл явдлууд өрнөж буйг бид бүгд харж байгаа. Нөгөө талаас биднийг ямар хариу үйлдэл үзүүлэхийг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна” гэж Жонсон өчигдөр хэлжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа Орос, Ираны удирдагчдыг “террористууд, аймшигт дарангуйлагчид” гэж нэрлэсэн юм.

Жонсон $96 тэрбумын багцыг одоогийн хэлбэрээр биш, дөрвөн тусдаа хэсэгт хувааж хэлэлцүүлэхийг мэдэгджээ. Уг багцад Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь холбоотнууд, тухайлбал Тайваньд үзүүлэх тусламжийн хэсэг бас багтаж байгаа юм.

Хэлэлцүүлгийг Баасан гарагийн орой явуулах гэнэ.

Жонсон өмнө нь Украины тусламжийг зээл хэлбэрээр батлах хувилбарыг дэмжиж байгаагаа илэрхийлж байжээ.

Украины дайн эхэлсэн цагаас хойш битүүмжлэгдсэн Оросын хилийн чанад дахь хөрөнгийг худалдах замаар буцаан төлөгдөх нөхцөл үүнд яригдаж байгаа юм.

 

Эх сурвалж: BBC