Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

ДҮГНЭЛТ: Дэлбэрэлтийн улмаас галд өртсөн 201, 204, 207, 830 дугаар байрны зарим нь ашиглалтын шаардлага хангахгүй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт дэлбэрэлтэд өртсөн барилгууд ашиглагдах боломжтой эсэх талаар дүгнэлт гарчээ.

12 байгууллагын 32 хүн дэлбэрэлтэд өртсөн дөрвөн барилга дээр ажилласан байна.

Дүгнэлтийг Барилга, хот байгуулалтын яамны Салбарын хяналтын газрын дарга Д.Жаргал танилцуулав. Тэрбээр "Галд өртсөн 201, 207, 830, 204 дүгээр барилгад үзлэг, шалгалтыг хийсэн. Барилгын галд өртсөн байдал, төмөр бетон бүтээцийн ан цавын хэмжилт, хэв гажилт, хамгаалалтын үеийн зузаан, нүүрсхүчлийн хийн нэвчилт, материалын бат бөх чанар, металлын хатуулга, барилга байгууламжийн галд тэсвэржилтийн хэмжилтийг 10 багаж ашиглан хийж, ажлын хэсгийн дүгнэлт гарлаа.

207 дугаар байрны галд өртсөн 63 айлын техникийн давхар, дам нуруу, багана, хучилт, хэв гажилтыг дээж авч шинжиллээ. 

204 дүгээр байрны гадна хана, 201 дүгээр байрны зүүн хана, дам нуруу, 830 дугаар үндсэн хийцэд үзлэг шалгалт хийв.

207 буюу нийт орон сууцны барилгын цахилгаан шугам сүлжээний ашиглалтын байдалд УБЦТС ТӨХК-аас хэмжилтүүд хийсэн байна.

Эрчим Хүчний Үндэсний Төвөөс байрнуудын шугам, хоолойн хөлдөлт, хагарлыг шинжилж, 13 дээж авсан.

Галд өртсөн болон өртөөгүй айлуудын халаах хэрэгсэл, цэвэр, бохир усны шугамаас дээж авч, шинжилгээ хийсэн юм.

Барилгын Хөгжлийн Төвийн лабораториор 830 дугаар байрны 1, 2, 3 дугаар орцны айлуудын дулаан алдагдлыг хэмжилт хийлгүүллээ.

Галд өртсөн 207 дугаар байр нь 12 давхар, 63 айлынх, 2017 онд ашиглалтад орсон. Тухайн барилгын гадна фасадын 75 хувь нь галд өртсөн. 10 айлын сууц бүхэлдээ, 45 айлын гал тогоо, унтлага, ариун цэврийн өрөө хэсэгчлэн галд өртсөн, найман айл галд өртөөгүй.

Реконстракшн төвөөс ирсэн дүгнэлтээр багана дам нуруунд үүссэн ан цав, өргөний хэмжээ барилгын нормоос тав дахин их гарсан нь газар хөдлөлтөд тэсвэрлэх чадвар, бат бөхийн түвшнийг хангахгүй. Барилгын баруун талын баганын оройд шилжилт үүсэж, дам нуруунд ан цав гарсан нь барилгын норм дүрмийг хангахгүй.

Нүүрсхүчлийн хийн нэвчилт тухайн барилгуудад нийтийн уртын дагуу тархсан, арматур зэврэлтэд өртөх эрсдэлтэй дүгнэлт гарлаа.

Галын оргил үеийн температур хучилтын хавтангийн ажлын арматурт 512 градус, өрөөний температур 1,036, дам нурууны арматурт 625 градуст хүрсэн нь хавтангийн ажлын арматурын хэв гажилт заагдсан хэмжээнээс хэтэрч, чийгшлийн хэмжээ алдагджээ.
Барилгын нийт 210 ширхэг баганаас 8.8 хувь нь галд хүчтэй нэрвэгдсэн, металл баганын 50 хувь бүрэн шатсан, 391 ширхэг төмөр бетон дам нурууны 9.5 хувь нь галд хүчтэй нэрвэгдсэн, өргөтгөлийн металл дам нурууны 60 хувь бүрэн шатсан, төмөр бетон хучилтын долоо хувь галд өртсөн, металл хучилтын 60 хувь бүрэн шатсан нь ашиглалтын үеийн аюулгүй байдлын шаардлагыг хангахгүй.

Барилгын гадна талын дулааны сүлжээнд ямар нэгэн асуудал үүсээгүй. Дотор талын цэвэр болон халуун ус, халаалтын шугамууд эвдэрсэн.

Харилцаа холбооны болон цахилгаан шугам сүлжээний хувьд зарим шугам эвдрэлтэй.

Үндсэн хоёр лифт ашиглалтын шаардлага хангахгүй болсон.

830 дугаар байр 16 давхар, 2015 онд ашиглалтад орсон, 294 айлын сууц. Тус байрны 1, 2 дугаар давхар галын нөлөөлөлд өртсөн. 1, 2 дугаар давхрын ан цав, хэв гажилтгүй, шаардлага хангаж байна гэж үзсэн. Дам нуруу, хучилтын 1.2-1.4 хувь галд өртжээ. 1, 2 дугаар давхрын гадна фасадыг солих, бэхэлгээг хүчитгэх хэрэгтэй. Дулааны алдагдал хана буюу цонхноос шалтгаалж буй учир цаашид судлах хэрэгтэй гэсэн дүгнэлт гарсан байна.

Галд өртсөн хоёр оффисын халаах хэрэгслүүд солигдсон, үйл ажиллагаа явуулж болно.

201 дүгээр барилгын зүүн талын таван давхар ахлах сургуулийн барилгын баруун хана галд өртөж, дулаалга шатсан, үндсэн хийцүүд өртсөн учир шинэлэх, тооцоо судалгаа хийх асуудал гарч байгаа. Доторх цахилгаан, дулааны шугам, лифт ашиглагдах боломжтой.

204 дүгээр барилга нь усан бассейн, заалны зориулалттай, таван давхар. Барилгын зүүн хэсэг 1-5 давхар хүртлээ гадна дулаалга, үндсэн хийцүүд галд өртсөнийг солих, засах шаардлагатай гэсэн урьдчилсан шийдвэр гарч байна.

Галын дөл хоёр давхрын өргөтгөлөөр буюу баруун хойд булангаар орж, өрөөний халаах хэрэгсэл, цахилгаан шугам галд өртсөн байна гэсэн ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтүүд гарлаа" хэмээв.