Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ: Шингэрүүлсэн хий тээвэрлэсэн машин давхар эргэж, мөргөлдсөнөөр дэлбэрэлт болсон

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн шөнө болсон дэлбэрэлтийн улмаас үүссэн нөхцөл байдлын тухай Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас нэгдсэн мэдээлэл өгч байна.

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр их хэмжээний шингэрүүлсэн хий буюу газ тээвэрлэж байгаа том оврын автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, их хэмжээний гал дэгдэж байна гэсэн дуудлага нэгдүгээр сарын 24-ний 01:06 цагт хүлээж авсан.

Тус дуудлагаар онцгой байдлын байгууллагын нийслэл дэх 13 аврах анги, үндэсний аврах бригадын нийт 200 гаруй алба хаагч 50 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, галын тархалтыг зогсоох, иргэдийн аюулгүй байдлыг хангах, нүүлгэн шилжүүлэн, хор уршгийг арилгах арга хэмжээ авч ажиллалаа. Нийт гурван цаг 15 минут ажиллан 02:15 цагт түймрийн тархалтыг зогсоож, 04:30 цагт бүрэн унтраасан.

23 том хүн 17 хүүхдийг 13 дугаар хороололд байрлалтай зочид буудалд нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг хангалаа.

Урьдчилсан байдлаар гурван хүн нас барсан, Түлэнхийн төвд 10, Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт нэг, Эх хүүхдийн үндэсний төвд гурван хүүхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна. 

Галын шалтгаан нөхцөлийг урьдчилсан байдлаар дүгнэхэд байгалийн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан автомашин тойрог дээр хөдөлгөөн үйлдэх явцдаа зай анзаарахгүйгээр давхар хий эргэж, суудлын автомашинтай мөргөлдсөнөөр ёмкость их хэмжээний галын шаталт үүсэж дэлбэрсэн байна. Үүний улмаас манай онцгой байдлын Баянзүрх дүүргийн 63 дугаар ангийн гурван алба хаагч осолд өртөж, харамсалтайгаар амь насаа алдлаа. Алба хаагчдынхаа ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Цагдаагийн байгууллагаас хэргийн шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэв.