Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЖЭЭЧ: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн туслах 42 үл хөдлөх хөрөнгө, оффис, агуулах эзэмшдэг

П.Зоригт, IKON.MN
2023 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Хянан шалгах түр хорооны нүүрсний асуудлаарх нээлттэй сонсгол тав дахь өдрөө үргэлжлэв. 

Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" (ЭТТ) ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн туслах, хамаарал бүхий этгээдүүдийн үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг шинжээч танилцуулав. 

Тодруулбал ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн туслахаар ажиллаж байсан Содномцэрэнгийн Энхтөр, Коёотэ инвест нэрээр Улаанбаатар хотод 42 үл хөдлөх хөрөнгийн оффис, орон сууц, үйлчилгээ авто зогсоолыг эзэмшиж байгааг тогтоожээ. 

Үл хөдлөх хөрөнгө, барилгын эзэмшлийн талаарх шинжээчийн танилцуулсан мэдээллийг хүргэж байна. 



"Богдхан уулын дархан цаазат газар, Ташгайн аманд нийт 10 га газрыг авсан байна" 

Тавантолгойн ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажил гүйцэтгэх гэрээ буюу МТАС түншлэлтэй холбоотой мэдээлэлтэй танилцсан.

Үүн дотор нүүрс баяжуулалтыг 100 хувь, нүүрс борлуулалтын 60 хувийг хариуцсан "Админериал" ХК-ийн хамаарал болон нэгдмэл байдалд “Улаанбаатар групп” ХХК багтсан. 

“Улаанбаатар групп” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Цогтбаярын Батбаатар бүртгэлтэй байна. Улаанбаатар группийн охин компаниуд болох

  • Юу Би экүпмент ХХК
  • Юу Би Сэйфти ХХК
  • Юу Би рийл эстэйт ХХК нь 2022 оны арванхоёрдугаар сарын 23, арванхоёрдугаар сарын 28-ны өдрүүдэд Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайдын ... дугаар тушаалуудаар Богдхан уулын дархан цаазат газар, Ташгайн аманд нийт 10 га газрыг авсан байна.

"Улаанбаатар групп" ХХК-ийн хамаарал бүхий "Би Эм Си Эм" ХХК нь эхний сонсголоор танилцуулагдаж байсан "Монгол Хьюндай Автомотив" компанийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний зориулалт бүхий газар, оффисын зориулалттай 25 давхар барилга барих гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Үл хөдлөх хөрөнгө эзэмшиж буй хүмүүсийн хамаарлын мэдээлэл 

"Режис Плэйс" оффист үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байгаа нь хяналт шалгалтаар илэрсэн хуулийн этгээд болон иргэдийн талаарх мэдээллийг хүргэе.

Товч тайлбар хүргэвэл "Режис Плэйс" гэх барилгыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн туслахаар ажиллаж байсан Содномцэрэнгийн Энхтөрийн хамаарал бүхий хуулийн этгээд захиалж бариулсан.

Барилгын компани нь “Саксессрайдер” гэж хуулийн этгээд байна. Тус компанийг "Коёота Инвест" ХХК 100 хувь эзэмшдэг.

"Коёота Инвест" ХХК-ийг иргэн Содномцэрэнгийн Энхтүвшин 100 хувь эзэмшдэг бөгөөд дээр танилцуулсан "ЭТТ" компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн туслах С.Энхтөрийн төрсөн ах байгаа.

 "ЭТТ компанийн захирал асан Б.Ганхуягийн туслахын ах 19 үл хөдлөх хөрөнгөтэй"

“Саксессрайдер”, С.Энхтөр, Коёотэ инвест нэр дээр 42 үл хөдлөх хөрөнгийг оффис, орон сууц, үйлчилгээ авто зогсоолын зориулалттай эзэмшиж байна.

Дараагийн үл хөдлөх хөрөнгө нь "Park place" оффис. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун талд оршдог. Олны нэрлэж заншсанаас голомт банкны барилга гэдгээр нь хүмүүс мэддэг.

Тус оффист Готовын Болдбаяр гэх хүн хоёр үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байна. 

Готовын Болдбаяр нь "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалтай хамаарал бүхий нэг ангийн найзууд гэдэг нь тогтоогдсон.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн туслах С.Энхтөрийн хамаарал бүхий "Сонгдомонголиа" оффис, агуулах, авто зогсоолын зориулалттай нийт 19 үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байна.