Цахилгааны хязгаарлалт хийх болсон талаар өнөөдөр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өчигдөр 16:00 цагт Оросын талаас нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний дээд хэмжээг өмнө нь 345МВт хүртэл өгдөг байсныг одоо 150 МВт-аас илүүг өгч чадахгүй болсон талаараа Диспетчерийн Үндэсний Төвд мэдээлсэн байна.
Оросын талаас нэр бүхий хоёр цахилгаан станцад нь гэмтэл гарсан. Эхний цахилгаан станц дээр 235МВт-ийн нэг блок эвдэрч зогссон. Хэзээ ашиглалтад орохыг нь мэдэгдээгүй байна. Мөн нэр бүхий станц дээр 500 МВт-ийн цахилгаан станцын шинэчлэл хийгдэж байсан нь ашиглалтад ороогүй байна гэсэн мэдээллийг өгсөн.
ОХУ өөрөө чадлын дутагдалд орсон тохиолдолд нэг өдрийн өмнө манай улсад урьдчилан мэдэгдэж, эрчим хүчээ нийлүүлэх цагийн хязгаараа тохирдог. Хэдий хүртэл үргэлжлэх талаар хугацааг хэлээгүй байна.
Эрчим хүчний нэгдсэн системд харьяалагдаж байгаа зургаан аймаг, 150 орчим сум болон Улаанбаатар хотод цахилгаан эрчим хүчийг гурван цаг хүртэл хязгаарлахыг үгүйсгэхгүй.
Эрчим хүчний салбар өндөржүүлсэн бэлэн байдалд орчихсон байгаа гэж ойлгож болно. Эмнэлэг, сургуулийн цахилгаан эрчим хүчийг таслахгүй байх тал дээр ажиллана" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!