Төрийн захиалгаар "Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт заал" барьж буй компаниуд 2009 оноос хойш өөрчлөгдөөгүй цалингийн тарифыг нэмэгдүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс шаардаж байгаа талаар "Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл" ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
"Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл" ТББ Ч.Наранбаатар хэлэхдээ "Бид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар буюу төрийн захиалгаар барилгын үйл ажиллагаа явуулдаг.
2024 оны улсын төсөв хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлнэ.
Засгийн газраас төсөв хүрэлцэхгүй байгаа барилгуудад магадлал хийх тогтоолыг 2023 оны наймдугаар сарын 9-нд Засгийн газар гаргасан. Тогтоол гарснаас хойш юу ч хийгдэхгүй байсаар байгаад 2024 оны улсын төсөв өргөн баригдаад, хэлэлцэгдээд эхэллээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 600 орчим барилга царцсан байдалтай ажил нь явагдаагүй байж байна.
Тухайн төсвүүд нь хуучин төсөвтэй учраас цалингийн зардал нь 2009 оны тарифаар явж байдаг.
Ингэхээр ямар ч барилга баригдах боломжгүй. Ямар ч энгийн хүн үүнийг ойлгоно. Барилгын салбарт нэг биш олон хүн ажилладаг.
Уг нь засгийн газар энэ асуудлыг голж хараад барилгуудыг магадлах тогтоол гаргасан хэрнээ тэр нь одоог хүртэл хэрэгжээгүй. Иймд Ерөнхий сайдаас тогтоолоо хэрэгжүүлэхийг шаардаж байна” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!