Үндэсний их баяр наадамд дөрөв давсан бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулдаг.
Энэ жилийн наадамд 512 бөх барилдсанаас 32 нь допингийн шинжилгээнд хамрагджээ. Тэдний шинжилгээний хариу өнөөдөр нэгтгэгдэн ирсэн байна.
Ингэхэд нэг бөхөөс допинг буюу сэргээшийн төрлийн бодис илэрчээ.
Энэ талаар Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Допинг илэрсэн бөхийн нэрийг одоогоор зарлах боломжгүй.
Эхлээд энэ бөхдөө мэдэгдэх бөгөөд тухайн хүн өөрийн эрхийн дагуу Б сорьцын шинжилгээнд орох эсэхээ шийднэ. Үүний дараа бөхийн нэр тодорхой болно. Б сорьцын шинжилгээний хариунаас хамаарч тухайн бөхөд арга хэмжээ авах эсэх зэрэг дараагийн асуудлууд яригдана" хэмээв.
Бөхчүүдээс авсан сорьц долдугаар сарын 17-ноос лабораторийн шинжилгээнд орсон бөгөөд долдугаар сарын 27-нд эхний хариу иржээ. Энэ үед 31 бөхийн хариу ирсэн байна.
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Эргэлзээтэй хариуг дахин дахин нягталдаг гэж ойлгож байна. Ингээд сүүлийн хариу өнөөдөр буюу наймдугаар сарын 21-нд ирсэн тул энэ даруйд олон нийтэд мэдээлж байна. Нууж хаагаагүй.
Тухайн бөхөөс бүх цаг үед хориглосон бодис илэрсэн. Тэрбээр Б сорьцын шинжилгээ хийлгэх бол өөрөө зардлаа гаргах юм байна" гэлээ.
Сэтгүүлчид түүнээс допинг илэрсэн бөхийг тодорхой хэлэхийг хүсэхэд "Шөвгөрсөн бөхөөс допинг илэрсэн. Үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй. Допинг хэрэглээд ийм үр дүнд хүрсэн нь харамсалтай байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!