Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ жил 40 мянга орчим шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлэх урьдчилсан тооцоолол гарчээ

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
2023 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын цахим бүртгэл өнөөдөр 09:00 цагт эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 14-ний 18:00 цагт дуусна. 

Иймээс "2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл" сэдвээр Боловсролын Үнэлгээний Төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

БҮТ-ийн захирал Л.Ганбат "Өнөөдөр ЭЕШ-ын бүртгэл улс орон даяар эхэлж байна. 

Энэ жил улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар анги төгсөгчид болох 34,117 шалгуулагч байгаа. Үүний

  • 54 хувь буюу 18,334 нь орон нутагт
  • 46 хувь буюу 15,783 нь  нь Улаанбаатар хотод арванхоёрдугаар ангийг суралцан төгсөж байна.

Өмнөх оны төгсөгчид нэмж бүртгүүлээд нийтдээ 40 мянга орчим шалгуулагч энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлэх байх гэсэн урьдчилсан тооцоолол хийсэн.

Мөн энэ жилээс эхлээд ЭЕШ-д блокчэйн технологийг нэвтрүүлсэн. Ингэснээр шалгуулагчийн дүн оноог ямар газар авч ашигласан болох нь системд бүртгэгдэх бөгөөд шалгуулагчаас хүн нэвтрэх боломжгүй.  

ЭЕШ-ын дүн оноог олон улсын шалгалтын дүн оноотой дүйцүүлэх журам өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ жил илүү өргөн хүрээнд ойлгуулж ажиллахаар төлөвлөөд байна.

Монгол хэлбичгийн шалгалтыг жилд хоёр удаа буюу дөрөв, арванхоёрдугаар сард авдаг байх зохицуулалт хийгдсэн. 

Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй. ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5,800 төгрөг байна. Бүртгэлийн хураамж нэмэгдээгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ. Тухайлбал,

  • Өргөдөл
  • Эмчийн магадалгаа
  • Сургуулийн тодорхойлолт хэрэгтэй.

Иймд тусгай сургуулийн хүүхдүүдийн эцэг эх, багш нар анхааралдаа авахыг зөвлөж байна" гэлээ. 

Шалгуулагч нь БҮТ-ийн eyesh.eec.mn цахим хаяг руу хандан бүртгэлээ хийх ба бүртгүүлэхдээ дараах материалыг бэлтгэсэн байна. Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /иргэний үнэмлэхийн   лавлагаа, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх /
  • Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн гурван сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
  • Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт
  • Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ.