Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн гэрт нэгжлэг хийх зэрэг мөрдөн байцаалтын тактикийн шинжтэй ажлууд үргэлжилж байна"

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-нд Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас зарласан.

Уг асуудалтай холбоотойгоор нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох өмнө нь хэлж байсан.

"АТГ-аас нүүрсний гэх хэрэгтэй холбоотойгоор 73 объектод нэгжлэг хийсэн"

Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Энэ хүрээнд АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан болон "Эрхэт Монгол" группийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр нарын гэр, ажлын байранд нэгжлэг хийсэн гэх мэдээлэл гараад байгаа. 

Энэ талаар АТГ-аас тодруулахад "Ямар хүмүүсийн гэрт нэгжлэг хийж буй тухай мэдээллийг өгөх боломжгүй. 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны байдлаар АТГ-аас нүүрсний гэх хэрэгтэй холбоотойгоор 73 объектод нэгжлэг хийсэн. Энэ тоо долоо хоног болгон өөрчлөгдөж байгаа.

Авлигын хэрэгт холбогдуулан зөвхөн ганц хүнийг нэгждэг юм биш, төлөөний этгээд болон хамаарал бүхий хүмүүс ч байдаг" хэмээн хэллээ.

"Хэрэгт холбогдуулан тодорхой албан тушаалтнууд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийг яллагдагчаар татаж байгаа"

Нүүрсний хулгайн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, хэргийн явцын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр болсон Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр "Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл надад алга. Цааш үргэлжлүүлж, тодорхой албан тушаалтнууд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийг яллагдагчаар татаж байгаа. Хойшлуулшгүй журмаар баривчилж, цагдан хорьж, цагдан хориог сунгаж байгаа бөгөөд энэ чиглэлийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй талаарх ерөнхий мэдээлэлтэй байна. 

Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа нь нэлээд олон хүнийг хамарч, өргөн хүрээнд явагдаж байгаа. АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг саяхан Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаад ирсэн. Энэ хугацаанд 9,000 гаруй жолоочийг дуудаж асуусан. Монгол Улсын хилээр тээврийн хэрэгсэлтэй зорчихдоо тухайн тээврийн хэрэгсэлдээ нүүрс ачсан эсэх, хилээр хэдэн удаа гарсан гэх мэтчилэн асуудлыг тодруулж байгаа. Мөн өмнө нь тээвэрлэлтэд оролцож байсан хүмүүсийг хаягаар нь дуудаж асуух ажил үргэлжилж байна. Нөгөө талдаа санхүүгийн баримтуудад дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж буй.

Улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийг уг хэрэгт холбогдуулан шалгах ажиллагаа үргэлжилж байна. 

Мөрдөн байцаалтын зарим мэдээллийг олон нийтэд ил болгохгүй. Хэрэгт холбогдсон хүмүүсийн гэрт нэгжлэг хийх зэрэг мөрдөн байцаалтын тактикийн шинжтэй тодорхой ажлууд үргэлжилж байгаа" хэмээн хэлсэн.