Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан "2017 оноос хойш Монгол Улсын Засгийн газар, төрийн зүгээс олон зүйлийг шат дараатай хийж байгааг хэлье.
Манай улсын эдийн засгийн 90 гаруй хувь нь уул уурхайн экспортын бүтээгдэхүүнээс хамаардаг. Энэ байдлыг хувьдаа болон бусдад давуу байдлыг бий болгох замаар удаа дараагийн луйврын үйл ажиллагаа явагдсаныг иргэд мэддэг болсон. Тэр утгаараа иргэд гудамж талбайдаа жагсаж, шударга ёсыг эрх баригчдаас шаардах нь зүйн хэрэг.
Эрдэнэтийн 49%-ийг улстөрчид бизнесийнхэнтэй хамтарсан луйврын бүлэглэл бий болох замаар хувьд шилжсэн процессыг тухайн үеийн Засгийн газар ард түмний мэдэлд авах үндсэн зорилгод хүрсэн. Одоо шүүх, Засгийн газар болон бусад түвшиндээ яриа хэлэлцээр хийгдэн эцэслэн шийдэгдэж байна.
Монголросцветмет, Багануур, Бор-Өндөрийн уурхай, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Оюутолгой, Хөгжлийн Банк зэрэг маш олон асуудал хөндөгдөж, уул уурхайн салбарт өөрсдийн нөлөөллийг тогтоосон байсан бизнесийн, улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашиг хөндөгдөж буй цаг үе байгаа.
Нөгөө талаасаа Хармагтай, Ноён уул, Асгат, Гутайн даваа, Тост, тосон бумба зэрэг уул уурхайн алдагдсан ордуудыг Монголын төрд эргүүлж авах ажлыг хийж байгаа. Эдгээрийг эзэмшиж байсан бизнесийн болон улс төрийн бүлэглэлийн эрх ашиг маш ихээр хөндөгдөж байна.
Сүүлийн өдрүүдэд ард иргэдийн зүрх сэтгэлээрээ шударга ёс тогтоохыг шаардаж байгаа жагсаалыг эдгээр эрх ашиг нь зөрчигдсөн бүлэглэлүүд нийгмийн эмх замбараагүй байдал руу хөтлөх оролдлого удаа дараа хийгдэж байгааг хуулийн байгууллага тогтоосон.
Засгийн газраас шударга ёсыг тогтоох, уул уурхайн салбарт өөрсдийн нөлөөллийг тогтоосон улс төр болон бизнесийн бүлэглэлтэй тэмцэж байгаа тэмцлийг зогсоохгүй. Цаашид иргэдийн тэмцэлтэй хамтран энэ асуудлыг шийдвэрлэнэ.
Бидний нэрлэж заншсанаар жижиг Тавантолгой буюу Тавантолгой ХК нь орон нутгийн өмчлөлд 51%, хувийн өмчлөлд 49% нь шилжсэн уул уурхайн компани. Сүүлийн 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байгаа ч өнөөдрийг хүртэл Монголын төр, ард түмэнд орж ирсэн үр өгөөж байхгүй. Энэ хугацаанд олсон хөрөнгөө Өмнөговь аймгийн бүтээн байгуулалтын ажилд зарцуулдаг гэсэн тайлбарыг өгч ирсэн.
Хоосон машин гарсан нэрээр, Эрдэнэс Тавантолгой компанийн эзэмшлийн талбайгаас алдагдсан мөргөцгийн асуудал зэргээр Тавантолгой ХК-д нэлээдгүй асуудал байгаа нь тодорхой болж байна. Тиймээс тус компанид зургаан сарын хугацаатай ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томиллоо" хэмээн мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!