Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Украинд учруулсан хохирлыг ОХУ-аар төлүүлэх тухай НҮБ-ын тогтоолд Монгол улс түдгэлзсэн байр суурь илэрхийллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы санал хураалтаар Украинд учруулсан хохирлыг ОХУ-аар төлүүлэхийг дэмжсэн тогтоолыг баталжээ.

Тогтоол батлахыг НҮБ-ын гишүүн 94 орон дэмжиж, 73 орон түдгэлзэж, 14 орон эсэргүүцсэн байна.

Эсэргүүцсэн 14 оронд ОХУ-аас гадна Беларусь, Төв Африкийн БНУ, Хятад, Куба, Умард Солонгос, Эритрей, Этиоп, Иран, Мали, Никарагуа, Сири, Зимбабве багтжээ.

Монгол улсын хувьд түдгэлсэн байр суурь илэрхийлсэн байна.

зураг
 

НҮБ-ын тогтоолд ОХУ-ын Украинд явуулж буй байлдааны ажиллагааны үеэр бүхэл бүтэн хот, эрчим хүчний дэд бүтэц, эмнэлэг, сургууль, үйлдвэрүүдийг сүйрүүлсэн хохирлыг баримтжуулах “олон улсын бүртэл” бий болгохыг уриалсан юм.

Даваа гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский чөлөөлөгдөөд удаагүй байгаа Херсон хотод зочилсон байна.

Энэ үеэр НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн ачаа Херсон хотод анх удаа очжээ. Ердийн үед 280,000 оршин суугчтай байсан тус хотод одоо 80,000 орчим хүн үлдсэн байна.

Хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 6,000 хүнд хүнс, ундны ус, ариун цэврийн хэрэгсэл, гал тогооны хэрэгсэл, хөнжил дэвсгэр, нарны эрчим хүчээр ажилладаг гэрэл зэргийг тараажээ.

Өнгөрсөн долоо хоногт Оросын цэрэг Херсон хотоос ухрахдаа эрчим хүч, цэвэр усны дэд бүтцийг нь ихээр эвдэн сүйтгэсэн тухай Киевийн эрх баригчид мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: DPA