Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг олон улсын өдөр тохиож байна.
БШУЯ, БЕГ, Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо, НҮБ Хүүхдийн сан, хүн амын сангийн дэмжлэгтэйгээр үе тэнгийнхний дээрэлхэлт ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох сургалт, нөлөөллийн ажлыг үргэлжлүүлж байна.
Өнөөдөр “Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” сайн туршлага, үйл ажиллагааг түгээх өдөрлөгийг зохион байгууллаа.
Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо нь Өмнөговь, Говь-Алтай, Хөвсгөл, Говьсүмбэр, Ховд, Завхан, Өвөрхангай, Төв аймаг, Баянхонгор, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангай, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын 160 сургуультай хамтран ажиллаж сургалт хийсэн юм.
Дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг бууруулах аяныг 2 дахь жилдээ зохион байгуулж нийслэл болон орон нутгийн сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг хамруулсан үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг зогсоох сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах аргазүйг нэвтрүүлж байна.
Урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд дээрэлхэгч, гэрч, хохирогч гурван талыг оролцуулан хүүхдийн зан төлөвийг засах, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ удирдаж сурах арт терапи арга зүй олгох сургалтад Баянхонгор аймгийн 33 сургуулийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтныг хамруулав.
Эх сурвалж: БШУЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!