Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мягмар: Үе тэнгийн дээрэлхэлт нь нэг удаагийн биш олон удаагийн давтамжтай байдаг

П.Зоригт, IKON.MN
2022 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
ЦЕГ

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан сургуулийн орчинд түгээмэл үйлдэгддэг “Үе тэнгийн дарамт, гадуурхалт” сэдвийн хүрээнд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Мягмартай ярилцлаа.

-Баянзүрх дүүрэг хүн ам ихээр төвлөрсөн нийслэлийн томоохон дүүргүүдийн нэг. Тус дүүргийн нутаг дэвсгэрт нийт хэчнээн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна вэ? Цагдаагийн байгууллагаас тэдгээр сургууль, цэцэрлэгүүдтэй хэрхэн хамтарч ажилладаг талаар яриагаа эхэлье.

-Нийслэлийн Баянзүрх дүүрэг нь Нийслэл хотын томоохон дүүргийн нэг яах аргагүй мөн. Нийслэл хотын хүн амын 30 хувь нь тус дүүрэгт амьдардаг. Тийм ч учраас хүүхэд холбогдсон болон бусад гэмт хэрэг нэлээдгүй бүртгэгддэг. Тус дүүрэгт өнөөдрийн байдлаар хувийн болон улсын 65 ерөнхий боловсролын сургууль, 84 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна.

-Үе тэнгийн дээрэлхэлт гэж юу вэ? Үе тэнгийн дээрэлхэлтэд хүүхэд нь өртсөн ч эцэг, эхчүүд хоорондоо учраа олно биз гэсэн хандлагатай байдаг. Хэрвээ хүүхэд нь үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн бол эцэг, эх асран хамгаалагчид хаана хандаж, ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Эцэг, эх асран хамгаалагчид хүүхдийн үе тэнгийн дээрэлхэлтийг хуучин уламжлалт аргаараа ойлгож хүүхдүүд нэг, нэгнийгээ шоглох, зодолдох бие махбодод нь халдах асуудлыг байх зүйл, энэ нь тухайн хүүхэд бие, биетэйгээ харьцаж сурах, биеэ хамгаалж сурч байна гэсэн байдлаар ханддаг.

Эсрэгээрээ үүний хор уршиг нь юу байна вэ гэхээр тухайн хүүхэд сэтгэлзүйн дарамтад орох, цаашлаад бие махбод, амь насаараа хохирох эрсдлийг дагуулдаг.

Таны хүүхэд үе тэнгийн дээрэлхэлт, дарамтад орсон тохиолдолд сургуулийн багш, нийгмийн ажилтанд мэдэгдэж байх шаардлагатай. Хүүхэд маань үе тэнгийн дээрэлхэлтэд ороод байна гэдгийг эцэг, эх, асран хамгаалагчид сургуулийн захиргаанд мэдэгдэж арга хэмжээ авах боломжтой. Үе тэнгийн дээрэлхэлтийн цаад хор уршиг нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй болж хуулийн байгууллага шийдвэрлэх, эргээд хүүхдүүдэд ял, хариуцлагын асуудал яригдаж эхэлдэг. Маш их хор хөнөөлтэй асуудал учир байх л зүйл гэсэн байдлаар хандаж огт болохгүй гэдгийг хэлэх нь зүйтэй.

-Бага, дунд ангийн хүүхдүүд үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн ч түүнийгээ нуух тохиолдлууд байдаг. Үүнийг илрүүлэх, таслан зогсоох асуудалд сургуулийн сэтгэл зүйч болон нийгмийн ажилтнуудтай та бүхэн хэрхэн хамтарч ажилладаг вэ?

-Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сургууль бүрд сэтгэл зүйч ажиллаж байгаа, мөн хүүхэд хамгаалах баг, эцэг эхийн зөвлөл гэж бий. Тэд бүгдээрээ хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг. Эдгээр хүмүүс сургуулийн орчинд үйлдэгдэж буй үе тэнгийн дээрэлхэлтийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг. Сүүлийн үед иргэдийн хууль, эрхзүйн мэдлэг, мэдээлэл дээшилж энэ төрлийн мэдээ, мэдээлэл цагдаагийн байгууллагад нэлээдгүй бүртгэгдэж байгаа нь сайшаалтай. Учир нь хүүхэд гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол мэдээлэх арга байдаг.

-Үе тэнгийн дээрэлхэлт нь бага, дунд ангид илүү түгээмэл тохиолдож анги ахих тусам буурч байгаа судалгаа байдаг. Гэвч энэ нь дээрэлхэлт далд хэлбэрт орж, цаашлаад гэмт хэрэг, зөрчил үйлдэх болон өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Энэ тал дээр цагдаагийн байгууллагаас хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас үе тэнгийн дээрэлхэлтийг илрүүлэхийн тулд сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйчтэй байнга хамтран ажиллаж байна. Мөн 65 ерөнхий боловсролын сургуульд саналын хайрцаг нээж бичгээр мэдээлэл авч байна. Саналын хайрцгийг тухайн сургуулийн камерын хяналтгүй газар байрлуулсан. Ингэснээр хэн ямар мэдээлэл өгч байгааг мэдэх боломжгүй учир хүүхдүүд ч мэдээлэл ихээр ирүүлж байгаа үр дүн гарч байна. Бид бичгээр мэдээлэл авснаар хоёр гэмт хэргийг илрүүлсэн.

-Үе тэнгийн дээрэлхэлтийн улмаас хүүхэд гэмт хэрэгт өртөж, холбогдсон тохиолдол бүртгэгдсэн үү?

-Энэ оны эхний найман сарын байдлаар Баянзүрх дүүргийн хэмжээнд сургуулийн орчинд долоон гэмт хэрэг, 18 зөрчил бүртгэгдсэн. Бүртгэгдсэн долоон гэмт хэрэг бүгд Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарах буюу нэгнийгээ зодож гэмтэл учруулсан, биед нь халдсан байна. Хохирогч хүүхэд нь эрүүл мэндээрээ хохирч байгаа бол холбогдсон нь хуулийн хариуцлага хүлээж бас л хохирч байгаа юм. Зодоонд ялагч байдаггүй гэдэг шиг энд хэн нэг нь хожихгүй 2 хүүхэд хоёулаа хохирол амсаж байгаа юм.

-Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан хүүхдүүдэд хэрхэн анхаарал тавьж ажилладаг вэ?

-Шалгагдаж байгаа буюу зөрчил үйлдсэн хүүхдүүдэд хорооны хамтарсан баг, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс сургуулийн захиргаатай хамтарч хяналт тавьж ажилладаг. Тухайн хүүхэд ямар шалтгааны улмаас гэмт хэрэг, зөрчил үйлдээд байна, шалтгаан нөхцөлийг олж тогтоохоор судалгаа явуулж байна. Ингэснээр тухайн асуудлыг уг, үндсээр нь арилгах зорилгоор хичээн ажиллаж байна.

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газар, Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтраад дүүргийн хэмжээнд бүх төрийн байгууллагуудыг хамруулан хамтарсан багуудыг эрсдэл бүхий айл өрхүүдийг илрүүлэх чиглэлээр эргүүл ажиллуулсан. Сарын хугацаанд нийт 900 айл, өрхийг хамруулсан. Үүний дүнд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл нь юу байна вэ гэхээр эцэг, эх нь хүүхдүүддээ аливаа мэдээ, мэдээллийг зөвөөр хэлж ойлгуулдаггүй, эергээр хүмүүжүүлдэггүй, тухайн гэр бүлд нь ямар нэг хэлбэрийн хүчирхийлэл үйлддэг гэх мэт зүйлсээс үүдэлтэй байдаг нь тогтоогдсон тул бид нэг бүрчилсэн арга хэмжээг авч ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн хэмжээнд мансууруулах төрлийн бодис хэрэглэж газ, будаг шингэлэгч үнэрлэдэг нэлээдгүй хүүхдэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран сэтгэл заслын болон, нөлөөллийн сургалт, арга хэмжээнүүд явуулж байна. Үүнээс гадна цахим орчны буруу хэрэглээний улмаас хүүхэд гэмт хэргийн хохирогч, холбогдогч болох тохиолдлууд нэлээд бүртгэгдэж байна. Үүнд эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч нар маш сайн анхаарах хэрэгтэй.

-Сургууль бол хүүхэд амьдралынхаа ихэнх цаг хугацааг өнгөрөөдөг, хүмүүжил төлөвшлөө олж авдаг онцгой орчин. Иймд сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, дарамт нь эрх зүйн ямар үр дагавартай вэ?

-Үе тэнгийн дээрэлхэлт нь нэг удаагийн биш олон удаагийн давтамжтай байдаг. Энэ нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй болдог. Жишээлбэл хүүхдийн бие махбодод халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар

11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.гэж хуульчилсан.

Энэ нь эргээд хүүхдүүдэд маш хор хөнөөлтэй. Баянзүрх дүүргийн хэмжээнд сургуулийн орчинд үйлдэгдсэн 7 гэмт хэргийн холбогдогч 7 хүүхэд бүгд эрүүгийн хариуцлага хүлээх үйлдэлд холбогдоод байгаа нь харамсалтай.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар