Б.Заяабал: Монгол Улс НӨАТ-аар бусад орноос дарамт багатай
НӨАТ-ын сугалааны урамшууллын хөтөлбөрийг есдүгээр сараас сэргээх гэж байгаа талаар Сангийн яамнаас өнөөдөр мэдээлэв. Энэ үеэр Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал урамшууллыг зогсоосноор гарсан үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн юм.
2022 оны дөрөвдүгээр сард НӨАТ-ын урамшууллын сугалааг зогсоохоос өмнө нийт ААН, бизнес эрхэлж байгаа газрууд эцсийн хэрэглээнд өгч байсан баримтын тооны 70 хувийг иргэд баримт авч баталгаажуулалт хийсэн мэдээлэл ирдэг байсан. Харин сугалаа зогссоноор энэ дүн 20 пунктээр буурч, 50% болсон. НӨАТ-ын орлого сүүлийн гурван сард буурч, баримт авах иргэдийн сэдэл суларсан. Тиймээс бодлогын хувьд баримт бүртгүүлэлт 50%-тай байгаа дээр нь сугалааг сэргээх нь зөв гэж үзсэн талаар тэрбээр хэллээ.
Мөн "Татварын алба НӨАТ-аас 130 тэрбум төгрөгийн орлого сард олохоор төлөвлөж, гүйцэтгэл 99-100% байсан бол сүүлийн гурван сард орлого тасралтгүй унаж, гүйцэтгэл 95.6% болж буурсан.
НӨАТ-ын татварын хамрагдалт 2015 онд 45 хувьтай байсан бол 2016 онд урамшууллын бодлого буюу иргэдийн оролцоог дэмжиж урамшуулал олгох, хуулийн хяналт тавих боломжийг хангаж эхэлснээр 70%-д хүрч өссөн. Гэтэл сүүлийн гурван сард огцом унах төлөв ажиглагдсан.
Тиймээс сугалааны үүрэг оролцоо өндөр байжээ гэж дүгнэсэн. И-баримтын системийн шинэчлэлийг хийхдээ иргэдийн төөрөгдлийг арилгаж, ил тод байдлыг шийдэж байгаа.
Олон улсын эдийн засаг хамтын ажиллагааны байгууллагын гишүүн 35 орон байдаг. Эдгээр орны НӨАТ-ын орлого ДНБ-ий 10.5 хувь байдаг бол Монгол Улсад 7.1 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс НАӨТ-аар бусад орноос дарамт багатай нь харагдаж байгаа. Бидний зорилго бол хамрагдалтыг нэмэгдүүлж, хүн бүр хуулиа биелүүлдэг болох. Үүний тулд сугалааг үргэлжлүүлж, иргэдийн хяналтыг сайжруулж, далд эдийн засаг сайжирна гэж харж байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
