Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

АмЧам Монголын ээлжит хурлаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын санхүүжилт ба хэрэгжилтийн талаар хэлэлцлээ

ikon.mn
2022 оны 5 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

УЛААНБААТАР, Монгол Улс - Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) 2022 оны 5-р сарын 17-ны өдөр сар тутмын уулзалтаар “Шинэ сэргэлтийн бодлогын санхүүжилт ба хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлэгт Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар, МУИС-ийн эдийн засгийн ухааны доктор, эдийн засагч Ч.Хашчулуун, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.Лакшми нар урилгаар оролцов. Энэхүү хэлэлцүүлгийг Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын ТУЗ-ийн тэргүүн Жэймс Лиотта удирдан явуулж, хөрөнгө оруулагчид санал бодлоо илэн далангүй хуваалцлаа. Уулзалтад АмЧам Монголын гишүүд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, болон хэвлэлийн төлөөлөл зэрэг 70 гаруй зочид оролцов.

 

Хурлын нээлтийн үгэндээ ноён Жэймс Лиотта “Монголчууд Ковид-19 цар тахалтай хоёр жил гаруй хугацаанд тэмцсэнийг би өнөөдөр нийт гишүүд, бизнес эрхлэгч нарын нүднээс олж харлаа. Энэ бол амаргүй даваа бөгөөд бид бүгдийг сорьсон, багагүй ядраасан сарууд байсан. Та бүгд хичээл зүтгэл дүүрэн, итгэлтэйгээр энэхүү том давааг ардаа хийгээд зогсож байгааг харахад надад таатай байна. Харин одоо эргээд ажилдаа орох цаг ирлээ. Тийм ч учраас бид өнгөрөгч хугацаанд олсон амжилтаа улам бататгаж, алдаж оносноо нэгтгэж, дүгнэснээр цаашид илүү амжилттай ажиллах суурийг тавих болно. Ялангуяа төр засгийн зүгээс гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, хөрөнгө оруулагч нарын итгэлийн дахин олж авах талаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ынхоо хүрээнд илүү бодитоор томьёолж, ирээдүйн болон одоо байгаа тэдний дуу хоолойг сонсох шаардлагатай байгааг онцлоё. Тэр дундаа суурь асуудлууд болох хуулийн засаглал, хууль эрх зүйн орчны сайжруулалт ба тогтвортой байдал, гэрээ байгуулсан талууд үүргээ бүрэн биелүүлдэг болох, шүүхийн шударга тогтолцоо зэрэг сайжруулах олон ажлуудыг нэн даруй хийх хэрэгтэй байна. Эдгээр өөрчлөлтүүдийг оновчтой хийсэн цагт л  бизнесийн орчны сэргэлт, хувийн хэвшилд тулгуурласан эрүүл чийрэг эдийн засаг хөл дээрээ босох бүрэн боломжтой юм. Зөвхөн төрөөс санал болгосон томоохон төслүүдийн жагсаалтыг гадаадын төдийгүй дотоодын хөрөнгө оруулагч нарын өмнө харуулж, сонголтын төдий байлгах нь тэдний итгэлийг сэргээхэд хангалтгүй, бид энэ замаар өмнө нь явж ч байсан, хаашаа хүргэснийг эргэн санах учиртай. Тиймээс бид өмнөх алдаагаа давтахгүй байх тал дээр ихэд хичээх хэрэгтэй” гэв.

 

Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар олон асуултуудад хариулт өгч, мөн тэрбээр “Засгийн газрын зүгээс зохих арга хэмжээ, бодлогын хүрээнд ажлуудыг нэгэнтээ эхлүүлсэн тул төслүүд дээр хувийн хэвшилтэй хамтран ажиллах байр суурьтай байгаа бөгөөд гол төслүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд ил тод болгоно. Хувийн хэвшлийн дуу хоолойг сонсож, хамтын хүчээр эдийн засгаа сэргээх нь хамгийн зөв зам” гэж хэллээ.

 

Эдийн засагч Ч.Хашчулуун Монголын эдийн засгийн сэргэлтийг өөдрөгөөр харах боломж байгааг онцолж, ялангуяа дунд хугацааны зорилтын хүрээнд 2024 он гэхэд томоохон төслүүд болох Оюу Толгойн далд уурхайн олборлолт эхлэх, газрын тосны үйлдвэр ажиллаж эхлэх зэргийн үр шим нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж харж байгааг тэмдэглэв. Гэхдээ аль төсөл, ямар санхүүжилтээр, хэдий хэр хугацаанд ашгаа өгөх талаар илүү нухацтай төлөвлөх шаардлагатай гэв.

 

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б. Лакшми байр сууриа илэрхийлэхдээ Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэх ажлуудад хяналт, хэрэгжилтэд нь онцгой анхаарал хандуулах хэрэгтэйг онцолж, ялангуяа хаанаас хэрхэн санхүүжилт босгохыг ил тод байлгаж, урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх тал дээр анхаарч, сонгуулийн дөрвөн жилийн циклээс хамааралгүй байхын тулд юунд анхаарах хэрэгтэйг онцлон тэмдэглэв.

 


АмЧам Монголын тухай

АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.