Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Азовсталь үйлдвэрээс Украины тал 264 цэргээ гаргаж авлаа

Т.Давааням, ikon.mn
2022 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Оросын талтай олзны цэргүүд солилцох тохиролцоонд хүрсний дагуу Украины засгийн газар Мариуполь хотын Азовсталь үйлдвэрээс шархадсан 264 цэргээ гаргаж авлаа.

Эхний ээлжид хүнд шархтай 53 цэргийг салан тусгаарлагчдын хяналтад байгаа Новоазовск сууринд автобусаар хүргэсэн байна.

Дараа нь өөр 211 цэргийг мөн салан тусгаарлагчдын хяналтад буй Оленовка тосгонд хүргэжээ.

Цэргүүдэд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа ба дараа нь Оросын олзны цэргүүдээр солилцох, гэрт нь хүргэх арга хэмжээнүүдийг дараалан авахаа Украины батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

Азовын тэнгисийн гол боомт Мариуполь хот дайны эхний өдрөөс эхлэн Оросын цэргийн бүслэлтэд байгаа. Одоо хотыг хамгаалагч Украины цэргүүд Азовсталь төмөрлөгийн үйлдвэрийн цогцолборт эсэргүүцэн тулалдаж байна.

Тавдугаар сарын эхээр үйлдвэрт толгой хоргодож байсан энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж дууссан ба одоо зөвхөн цэргүүд үлдээд байгаа юм.

Мариуполь хотын байшин барилгын 90 гаруй хувь Оросын бөмбөгдөлтөд сүйрсэн байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский хэлсэн үгэндээ “Украины баатрууд бидэнд амьдаараа хэрэгтэй” гэж мэдэгджээ.

Азовсталь үйлдвэрт Украины цэргүүд бууж өгөлгүй олон хоног эсэргүүцэн тулалдаж байгаагийн хүчинд Оросын 20,000 орчим цэрэг Мариуполь хотоос явах боломжгүй болсон. Энэ нь Донбассын бусад хотуудыг эзлэх Оросын төлөвлөгөөнд томоохон саад учруулж, цаг хожих боломж олгож буйг Украины армийн генерал онцлоод Мариуполийн хамгаалагчдыг “манай үеийн баатрууд” хэмээн магтсан байна.

 

Эх сурвалж: BBC