Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусийн ерөнхийлөгч Украины дайн сунжирч байгааг хүлээн зөвшөөрөв

Т.Давааням, ikon.mn
2022 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр Ассошэйтед Пресс агентлагийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа Украины хямралын талаар байр сууриа илэрхийлжээ.

Беларусь бол Орос, Украин улсуудтай хоёулантай нь хил залгадаг, бас Оросын цэргийг Украинд халдан довтлоход газар нутгаа ашиглуулж байгаа юм.

2020 оны сонгуулийн дараа Беларусьт дэгдсэн эсэргүүцлийн хөдөлгөөнөөс Лукашенкогийн дэглэмийг хамгаалахад Путин тусалсан. Хариуд нь Лукашенко ОХУ-ын Украинд явуулж буй дайныг тууштай дэмжиж байгаа.

Лукашенко ярилцлагадаа Оросыг өдөөн хатгаж байсан Украин руу довтлохоос өөр сонголт Путинд байгаагүйг тайлбарлажээ.

Гэхдээ дараа нь тэр Украины дайн хугацааны хувьд төсөөлж байснаас сунжирсныг хүлээн зөвшөөрсөн байна.

“Би уг асуудалд хангалттай хутгалдаагүй учраас Оросууд шиг ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаж байна гэж хэлж чадах хүн биш. Гэхдээ ажиллагаа сунжирч байгаа мэт сэтгэгдэл төрж буйг энд хэлмээр байна” гэж Лукашенко ярьжээ.

Тэрбээр дайныг дуусгах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд үүний төлөө Беларусь улс чадах бүхнээ хийж буйг хэлсэн байна.

Ингэхдээ Лукашенко “цэргийн тусгай ажиллагаа” гэсэн нэр томьёоны оронд “дайн” гэдэг үгийг ашиглажээ.

Тэр бас Беларусь улс Украинтай хөрш зэргэлдээ оршдог тул

Орос улс энэ дайнд цөмийн зэвсэг хэрэглэх ёсгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Лукашенкогийн дэглэм 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа өрнөдийн эдийн засгийн хоригоор шийтгүүлээд байгаа. Сүүлд Украины дайныг дэмжсэн шалтгаанаар дахин хатуу хоригоор шийтгүүлсэн юм.

НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы үеэр Оросын эзлэн түрэмгийллийг буруутгасан тогтоолд санал хураахад цөөн хэдэн улс эсэргүүцсэний нэг нь Беларусь болж байв.

 

Эх сурвалж: BBC