Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Аксель Никэй: Оросын эзлэн түрэмгийлэгч хүчин олон улсын хууль, олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчиж, Украинд дайны гэмт хэрэг үйлдэж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2022 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Европын Холбоо, түүний гишүүн болон түнш орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар Украинд болж буй дайны талаар байр сууриа илэрхийллээ. 

"ОХУ болон Беларусь улсын 877 иргэн, 62 аж ахуйн нэгжид хориг арга хэмжээ нэвтрүүлээд байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Аксель Никэй: ОХУ-ын зэвсэгт хүчин Украинд ямар ч үндэслэлгүйгээр халдсаныг Европын холбоо эрс буруушааж байна. Мөн Украины эсрэг хийсэн энэхүү түрэмгийлэлд Беларусь улс оролцсоныг бид мөн буруушааж байна. Украин болон ард түмний эсрэг хийсэн түрэмгийллийн хариуцлагыг Орос бүрэн хүлээнэ. Оросын эзлэн түрэмгийлэгч хүчин олон улсын хууль, олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчиж, Украинд дайны гэмт хэрэг үйлдэж байна.

Европын холбооны гишүүн орнууд Украиныг дэмжихэд онцгой нэгдмэл хэвээр байна. Бид Холбооны түүхэн дэх хамгийн том хориг арга хэмжээний багцаар Оросыг тусгаарлах болно. Энэ нь салбарын томоохон хориг арга хэмжээ болон хувь хүний ​​жагсаалтад ордог.

АНУ, Их Британи, Канад, Норвеги, Өмнөд Солонгос, Япон, Австрали зэрэг түншүүд болон холбоотон орнуудтай нягт уялдаатай арга хэмжээ авсан. Өнөөг хүртэл 40 гаруй улс манай хориг арга хэмжээнд хэсэгчлэн эсвэл бүрмөсөн нэгдсэн байна. Хориг арга хэмжээ нь түрэмгийлэгч этгээдэд асар их зардал гаргаж байгаа ч Холбоо болон түүний түншүүдийн хувьд зардал багатай биш юм.

Европын холбооны гишүүн орнуудын зүгээс Украин улсад бүхий л хэлбэрээр тусламж үзүүлж, түүхэндээ байгаагүй хориг арга хэмжээ авч байна. Эдийн засгийн болоод хувь хүмүүст зориулсан хориг арга хэмжээний тухайд ОХУ болон Беларусь улсын 877 иргэн, 62 аж ахуйн нэгжид хориг арга хэмжээ нэвтрүүлээд байна.

Энэхүү хориг арга хэмжээ нь түрэмгийлэл үйлдэж байгаа улсын эдийн засагт томоохон хохирол дагуулах болно.

Европын холбооны зүгээс хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдэж байна.

Бид Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, Украины зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлсээр байх болно. 2014 онд Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украинд 17 тэрбум гаруй еврогийн тусламж үзүүлсэн. Гуравдугаар сарын 1-нд Ерөнхийлөгч фон дер Лейен дайны шууд үр дагаврыг арилгах, тэр дундаа дүрвэгсдэд зориулсан нэмэлт 500 сая еврог зарласан.

"Оросын цэрэг арми хөдөө аж ахуйн салбарт томоохон хохирол учруулсан"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Себастиан Сүрүн: Олон улс орон энэхүү дайнаас эдийн засгийн хохирол амсаж байгаа. Оросын цэрэг арми хөдөө аж ахуйн салбарт томоохон хохирол учруулсан. Ялангуяа Хар далай дахь бүх нутаг маш их хохирол амсаж байна. Энэ бүс нутагт хүнсний үнэ маш их нэмэгдэж байгаа. Дайны улмаас Монгол шиг улс орнууд валютын ханшийн өсөлттэй холбоотой томоохон цохилт амсаж байна. ОХУ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнс, шатахуун авдаг зарим улс орнууд маш их хүндрэлтэй тулгарч байна.

Франц болон зарим улс орнууд хүнсний болоод хөдөө аж ахуйн салбарт учруулж байгаа хохирлыг намжаах чиглэлд ажиллаж байгаа. Франц улсын зүгээс Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын чиглэлд тууштай хамтарч ажиллах болно гэдгээ илэрхийлж байна. Бид Монголын бизнесийн салбартай хамтарч ажиллаж байгаа. ОХУ-тай холбоотой хориг арга хэмжээ нь Монгол Улсад нөлөөлөхгүй байх чиглэлд бид өөрсдийн чадах арга хэмжээг авч байгаа. Дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс НҮБ-ын гишүүн Монгол Улсын аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэхээ дахин нотолж байна.

40 гаруй улс Олон улсын эрүүгийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байна

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ян Витопил: БНЧУ Украин улсыг дэмжиж Оросын түрэмгийллийг эрс буруушааж байгаа. Украины дүрвэгсэд манай нутаг дэвсгэрт очиж байгаа. Бид хүмүүнлэгийг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Олон улсын эрүүгийн шүүхээс дайны гэмт хэргийг мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар 40 гаруй улс Олон улсын эрүүгийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаад байгаа.

"Хүүхэд, эмэгтэйчүүдийг нулимсыг урсгаж буй энэ дайныг бид эрс эсэргүүцэж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Кшиштоф Бойко: Польш улс Оросын түрэмгийллийн дараа Украины дүрвэгсдийг хүлээж авсан цөөн улсын нэг. Маш олон хүүхэд, эмэгтэйчүүдийг нулимсыг урсгаж буй энэ дайныг бид эрс эсэргүүцэж байна.

Дүрвэгсдийн 80-90 хувийг хүүхэд, эмэгтэйчүүд эзэлж байгаа. Бид тэдгээр эмзэг бүлгийнхний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна. Үүний зэрэгцээ дүрвэгсдэд эрүүл мэнд болоод бусад үйлчилгээг зүй зохистой хүргэх чиглэлээр арга хэмжээ авч байна.

Одоогийн байдлаар Болгар улс Украинаас 75 мянга дүрвэгч хүлээн авчээ

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БНБУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч ноён Валентин Ангелов: Дайны улмаас олон сая Украинчуудын амьдралын нөхцөл доройтож, нутгаа орхиход хүргэж байгаа. Болгар улсын зүгээс хүмүүнлэгийн болон бусад тусламжийг олон улсын байгууллага, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтарч хүргүүлж байгаа.

Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нөхцөл боломжийг ОХУ-ын зүгээс олгох ёстой гэж бид шаардаж байгаа. Одоогийн байдлаар Болгар улс Украинаас 75 мянга дүрвэгсдийг хүлээж авсан байна. Хүмүүнлэгийн тусламжийн тухайд 185 мянган ам.долларын тусламж үзүүлээд байна. Мөн 1.7 сая еврог Засгийн газар болон ард иргэдээсээ босгож Украины дүрвэгсдэд зориулж байна.

"Орос улс буруу үг хэллэг ашиглан, ташаа мэдээлэл цацах чиглэлд маш идэвхтэй ажиллаж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ХБНГУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч хатагтай Регина Рутенберг: Үг маш их утгатай байдаг. Орос улс буруу үг хэллэг ашиглан, ташаа мэдээлэл цацах чиглэлд маш идэвхтэй ажиллаж байгаа. Ингэснээр Украин улс дахь бодит нөхцөл байдлыг гажуудуулах оролдлого хийж байна. Тиймээс бид үүнийг гярхай харах хэрэгтэй байна. НҮБ-ын бүрэн эрхт нэг гишүүн нөгөө рүүгээ зэвсэгт халдлага хийнэ гэдэг байж боломгүй зүйл.

ОХУ-ын зүгээс энэхүү түрэмгий дайныг цэргийн тусгай ажиллагаа гэж нэрлэж байгаа. Үүний зэрэгцээ дайны учир шалтгааны талаар буруу ташаа мэдээлэл түгээж байна. Мөн хүн төрөлхтний эсрэг аймаглан устгах гэмт хэрэг гэдэг нэр томьёоноос аль болох зайлсхийж байгаа. Дайны хор уршгийг амсаж байгаа бүх хүний төлөө бид ийнхүү дуу хоолойгоо нэгтгэж байна.

"Аль ч улс тусгаар улсын нутаг дэвсгэрт геноцит үйлдэх ёсгүй"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ИБУИНВУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Филип Малон: ОХУ олон улсын хууль, хүмүүнлэгийн тухай хуулиудыг ноцтой зөрчиж байна. Тэд энэ гэмт хэргийн хариуцлагыг хүлээх ёстой. Олон улсын эрүүгийн шүүх 2022 оны гуравдугаар сарын 16-нд шийдвэрээ гаргасан. Энд ОХУ, БНХАУ эсрэг санал өгсөн. Олон улсын эрүүгийн шүүхээс гарсан шийдвэрийг ОХУ үг дуугүй даган биелүүлэх ёстой. ОХУ эсэргүүцэж байгаа ч үй олноор аймаглан устгах дайны гэмт хэрэг газар авсан гэдэг нь тодорхой байгаа.

Хоёрдугаарт, аль ч улс тусгаар улсын нутаг дэвсгэрт геноцит үйлдэх ёсгүй. Энэ бол байж болшгүй зүйл. Тиймээс Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын тайлбарыг хүлээж аваагүй. Цаашлаад энэхүү түрэмгий үйлдэл нь олон улсын хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж тодорхойлсон.

Путин Украины ард иргэдийн эсрэг энэхүү түрэмгийллээ үйлдэхдээ нийт хүн төрөлхтний эсрэг ноцтой хэрэг үйлдсэн.

"Энэ бол Европын холбооны улсуудыг заналхийлж байгаа үйл явдал"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Катрин Ивкоф: Канад улс Европын холбооны гишүүн орнуудын төлөөлөгчдийн үгэнд дуу хоолойгоо нэгтгэж байна. Энэ бол Европын холбооны улсуудыг заналхийлж байгаа үйл явдал. Орос, Украины хооронд санал нэгддэггүй асуудал бий. Гэвч энэ нь зөвхөн энэ хоёр орны хооронд байдаг зүйл биш. Бусад улс орнуудад ч үл ойлголцдог асуудал бий. Улс орнууд үл ойлголцох асуудлаар яриа хэлэлцээрийн замаар шийддэг. Гэтэл гэм зэмгүй хүмүүсийг үхэлд хүргэж байгаа нь байж болшгүй явдал гэж бид үзэж байна.

Канад улс бусад улс орны дайны гэмт хэрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргахад дуу хоолойгоо нэгтгэж байна.

"Бид өнөөдөр ОХУ-д байсан бол ийм хэвлэлийн хурал хийгдэхгүй байх байсан гэж бодож байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Майкл Клечески: АНУ-ын байр суурь тодорхой байгаа. Европын холбооны байр суурийг дэмжиж буйгаа илэрхийлж энэхүү мэдээлэлд оролцож байна. Бид өнөөдөр ОХУ-д байсан бол ийм хэвлэлийн хурал хийгдэхгүй байх байсан гэж бодож байна. Тус улсад хэвлэлийн эрх чөлөө байнга зөрчигдөж байдаг. Дээр нь ОХУ-ыг олон нийтийн сүлжээнээс салгасан байгаа. Мөн ОХУ-д Украины дайны талаар мэдээлж байгаа байдалд хяналт тавьж, буруу гэж үзсэн нөхцөлд эрүүгийн хариуцлага тооцох хуулийг баталсан. Украинд харгис түрэмгийлэл болж байгаа гэдгийг давтан онцолмоор байна.