ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу хий дамжуулах хоолой барих төслийн явцын талаар "Газопровод Союз Восток" компанийн захирал Евгений Асеев өнөөдөр дэлгэрэнгүй танилцуулга хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
"Союз Восток" төслийн Техник, эдийн засгийн үндэслэлээ 2021 оны арванхоёрдугаар сард эцэслэсэн бөгөөд энэ сараас эхлэн инженерийн хайгуул, судалгааны ажлыг эхлүүлэхээр болжээ. Энэ хүрээнд
Евгений Асеев "Нийтдээ 962.9 километр үргэлжлэх хоолойгоор дамжуулах хийн хэмжээ жилд 50 тэрбум метр куб. Ажлын даралт 120 атмосфер, хийн дамжуулах хоолойн тойргийн урт 1,420 мм. Барилгын ажилд ОХУ-д үйлдвэрлэсэн ган хоолойг ашиглахаар төлөвлөсөн. Хамгийн сүүлийн үеийн автоматжуулсан удирдлагын систем ашиглана. Мөн таван компрессорын станц, ашиглалтын дэд бүтцийн объектууд баригдана.
Хийн хоолой бүхэлдээ газар доогуур тавигдана. Хоолойн дээд талаас газрын гадарга хүртэл нэг метр, суурилалтын дундаж гүн нь 1.6-1.8 метр байна" гэсэн юм.
"Газопровод Союз Восток" компанийн захирал Евгений Асеев "Барилга, бүтээн байгуулалтын явцад ойролцоогоор 12,000 ажлын байр бий болно. Мөн ажилтнуудад зориулсан нийтийн байр, зөөврийн орон сууц, хоолны газар, халуун ус, угаалгын газар зэргээс бүрдсэн барилгын хотхон 6-10 байгуулагдахаар байгаа. Эдгээрийг ажил дуусмагц дараагийн хэсэгт шилжүүлэх байдлаар ашиглана. Дөрвөн жилийн хугацаанд барилгын ажлаа дуусгах бөгөөд монгол компаниудтай хамтран ажиллахаар төлөвлөсөн.
Ажил дуусаж, ашиглалтын үе эхлэхэд төсөл дээр 1,000 ажлын байр бий болох юм. Эхний ээлжид орос мэргэжилтнүүд ажиллах бөгөөд монгол мэргэжилтнүүдийг үе шаттайгаар бэлтгэхээр төлөвлөсөн" хэмээв.
"Барилгын ажил дууссаны дараагаар газрыг нөхөн сэргээж, анх байсан хэвэнд нь оруулна. Нийгмийн хариуцлагын хүрээндээ Газпром компани үйл ажиллагаа явуулж буй орон нутагтаа олон арга хэмжээ хэрэгжүүлдэг" хэмээн тэрбээр мөн нэмж хэллээ.
Тухайлбал, 2007-2017 онд тус компани ОХУ даяар хүүхдүүдэд зориулсан "Газпром детям" хөтөлбөрийн хүрээнд 1,600 гаруй спорт цогцолбор байгуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!