Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Финланд улс NATO-д элсэх асуудал яригдаж эхэллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Удаан хугацаанд эвсэлд үл нэгдэх бодлогыг хатуу баримталж ирсэн Финланд улсад NATO-д элсэх асуудал хурцаар яригдаж эхэлжээ.

Энэ нь ОХУ-ын зүгээс Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлсэнтэй холбоотой юм байна.

Финландын иргэд NATO-д элсэх хөдөлгөөнийг эхлүүлж, 50,000 хүний гарын үсэг цуглуулсан нь тус улсын парламентаар хэлэлцэх нөхцөл болжээ.

Өнөөдөр буюу Мягмар гарагт парламент энэ асуудлыг хэлэлцэх юм байна.

Даваа гарагт Финландын олон нийтийн телевизийн суваг Yle өөрийн явуулсан санал асуулгын дүнг танилцуулжээ. Санал асуулгад оролцсон иргэдийн 53 хувь нь NATO-д элсэхийг дэмжиж, 28 хувь нь эсэргүүцэж, 19 хувь нь хариулахаас татгалзсан байна.

Энэ бол Финландын олон нийтийн үзэл бодолд гарсан түүхэн эргэлт болохыг судлаачид онцолжээ.

Ердөө сар гаруйн өмнө буюу нэгдүгээр сард зохион байгуулсан санал асуулгаар финландчуудын 28 хувь нь NATO-д элсэхийг дэмжиж, 42 хувь нь эсэргүүцэж байсан юм.

“Орос улс NATO-гийн гишүүн бус хөрш улс руугаа халдан довтолсон нь нийгмийн үзэл бодол өөрчлөгдөх гол шалтгаан боллоо” гэж Финландын Олон Улсын Харилцааны Хүрээлэнгийн судлаач Чарли Салониус-Пастернак ярьжээ.

Өнгөрсөн Баасан гарагт ОХУ-ын гадаад яамнаас гаргасан мэдэгдэлд хэрвээ Финланд улс NATO-д элсвэл “цэрэг, улс төрийн ноцтой үр дагавар амсах болно” хэмээн анхааруулсан нь асуудлыг улам хурцатгасан юм.

Финланд улс ОХУ-тай 1,340 км урт шугамаар хил залгадаг нь Европын Холбооны гишүүн орнууд дотроос хамгийн уртад тооцогддог.

Финландын хөрш Швед улс ч мөн адил эвсэлд үл нэгдэх гадаад бодлого баримталдаг юм. NATO эдгээр улсуудыг элсүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлдэг ч засгийн эрхийг нь барьж буй социал демократууд урилгыг хүлээж авалгүй явсаар өнөөдрийг хүрсэн байна.

 

Эх сурвалж: AFP