Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Вакцины гурав дахь тунг насанд хүрсэн иргэдийн 49.4% буюу 946,536 хүн хийлгээд байна

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 5,380,649 хүн тун вакцин хийсэн байна. Үүнээс

  • I тунд 2,267,296,
  • II тунд 2,166,817,
  • III тунд 946,536 хүн тус тус хамрагджээ.

Өчигдөр гэхэд л улсын хэмжээнд 5,417 иргэн коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг хийлгэсэн бол хоёр дахь тунг 261, эхний тунг 160 хүн тус тус хийлгэжээ.

 

Өнөөдрийн байдлаар вакцины дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо хүн амын 28.9 хувьд хүрсэн байна. Энэ нь 18-аас дээш насны иргэдийн 49.4 хувийг эзэлж байгаа юм.

 

Нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо 18-аас дээш насны хүн амын 50 хувьд хүрвэл Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг бууруулж, Шар түвшинд шилжүүлэх тухай Засгийн газраас мэдэгдэж байв.

Гэвч Омикрон хувилбар дотоодод тархаж, халдварын дөрөв дэх давлагаа манай улсад эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор вакцины дөрөв дэх тунгийн дархлаажуулалтыг эхлүүлсэн бөгөөд аж ахуйн нэгжүүдийг алсын зайнаас ээлжээр ажиллахыг Улсын Онцгой комиссоос зөвлөж байгаа.

Вакцины дөрөв дэх тунг иргэд сайн дурын үндсэн дээр хийлгэх ба гурав дахь тунг хийлгээд гурван сар болсны дараа хийлгэхийг сануулж буй.

Мөн III тунг хийлгээд өвдсөн бол эдгэрснээс 21 хоногийн дараа IV тунд хамрагдах боломжтой аж.

Ташрамд дурдахад, энэ удаа Омикрон хувилбарт халдварын давлагааны оргил үед өдөрт шинээр 15,000-20,000 тохиолдол илэрнэ гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байгаа. Иймд иргэд амны хаалтаа сайтар зүүж, хүн хоорондын зайгаа баримтлах зэргээр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг уриалж байна.

COVID-19 халдварын нөхцөл байдалтай холбоотой болон дархлаажуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.