Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Украинд халдан довтлохгүй байхыг Байден Путинд анхааруулав

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Украин улс руу халдан довтлох ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний төлөвлөгөөнд маш хэцүү саад бэрхшээл учруулж чадахаа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр амлажээ.

Сүүлийн үед ОХУ-ын тал Украины хил дээр их хэмжээний зэвсэг техник, цэргийн хүч хуримтлуулж байгаа гэсэн мэдээлэл бий. Үүнтэй холбоотойгоор Украин улсыг ОХУ ойрын үед зэвсгийн хүчээр эзлэн авах нь гэсэн айдас бий болоод байна.

“Ноён Путинийг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд маш хэцүү саад бэрхшээл учруулж чадах олон талт арга хэмжээнүүдийг бид хэрэгжүүлэхээр бэлдэж байгаа” гэж Байден өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.

Гэхдээ тэр ямар арга хэмжээ авах талаар дэлгэрүүлээгүй байна.

Өнгөрсөн Пүрэв гарагт Швед улсын нутаг дэвсгэрт АНУ, ОХУ-ын гадаад хэргийн сайд нар уулзсан ч үр дүнд хүрээгүй юм. Энэ уулзалтын үеэр АНУ эдийн засгийн хориг тавихаар сүрдүүлсэн тухай ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлж байв. “Хэрвээ хориг тавьбал бид ч бас хариуг нь өгнө. Бид зүгээр өнгөрөөхгүй” гэж Лавров уулзалтын дараа хэлж байжээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки өчигдөр хэлэхдээ тус улсын засаг захиргаа ОХУ-ын эсрэг ямар хориг тавихыг Европын холбоотнуудтайгаа тохиролцсоны үндсэн дээр шийдэхийг мэдэгдсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр энэ удаа ОХУ-ыг олон улсын төлбөр тооцооны систем SWIFT-ээс салгаж магадгүй гэнэ. Хэрвээ ингэвэл Оросын компаниуд дэлхийн санхүүгийн системээс тусгаарлагдах юм. Өрнөдийнхөн ийм хориг арга хэмжээг 2014-2015 онд Крымийн хойгийг ОХУ өөртөө нэгтгэх үеэр хэрэгжүүлэх тухай хэлэлцэж байсан гэдэг. Хэрвээ ийм арга хэмжээ авбал “дайн зарласанд тооцно” хэмээн тухайн үеийн ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев анхааруулж байжээ.

Украины нөхцөл  байдал хүндэрсэнтэй холбоотойгоор АНУ, ОХУ-ын талууд Байден, Путин нарын виртуал уулзалтыг ирэх долоо хоногт зохион байгуулахаар болсон байна.

Путиний гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков талууд уулзалтын товыг тохиролцсон тухай Баасан гарагт мэдээлжээ. Гэхдээ яг хэзээ болохыг хэлэхээс татгалзсан байна.

Үүнээс гадна ирэх долоо хоногт Жо Байден Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярихаар тохиролцсон тухай Киевийн албаны эх сурвалж мэдээлжээ.

 

Эх сурвалж: Associated Press