Франц улсын парламент сургуулийн дээрэлхлийг гэмт хэрэгт тооцож, гурав хүртэл жил шоронд хорих ялтай болгох хуулийн төслийг дэмжжээ.
Хуулийн төслийг тус улсын боловсролын сайд Жан Мишел Бланке санаачилсан юм байна. Түүний хэлснээр шинэ хууль нь “үр хойчийнхоо хүүхэд насыг сүйтгэхийг бид яасан ч зөвшөөрөхгүй” гэсэн хатуу дохиог нийгэмд өгч байгаа гэнэ.
Судалгаагаар Францын 10 сурагч тутмын нэг нь сургууль дээрээ ямар нэг байдлаар дээрэлхэлд өртдөг гэсэн үр дүн гарсан байна. Сүүлийн үед сошиал медиа энэ үзэгдлийг улам дэвэргэж байгаа нь тодорхой болжээ.
“Шинэ хуулийн төсөл нь манай бүгд найрамдах улсын үнэт зүйлсийг хадгалж, хамгаалах ач холбогдолтой” гэж Бланке хэлсэн байна.
Хуулийн төслийг Лхагва гарагт Францын парламентын доод танхим дэмжжээ. Одоо дээд танхим болох Сенатад хэлэлцүүлэхээр бэлдэж байгаа гэнэ.
Батлагдсаны дараа ирэх оны хоёрдугаар сараас эхлэн үйлчлэх ажээ. Ингэвэл Франц нь дунд сургуулийн дээрэлхлийг хамгийн хатуу шийтгэдэг дэлхийн улсуудын нэг болох юм.
“Энэ бол хүүхдүүдийг шоронд суулгах тухай хууль биш. Манай хуулийн системд насанд хүрээгүй хүнийг ял шийтгэлээс хэлтрүүлэх механизм бий. Гэхдээ ийм хуультай болсноор дээрэлхлийн асуудалд нийгмээрээ анхаарал тавьдаг болох чухал ач холбогдолтой” гэж хуулийг санаачлагчдын нэг Ардчилсан Хөдөлгөөн намаас сонгогдсон парламентын гишүүн Эрван Баланан ярьж байна.
Хуулийн дагуу нэгнийгээ дээрэлхсэн сурагч, оюутан дээд тал нь гурван жил шоронд хоригдох ял сонсож, 45,000 хүртэл еврогийн торгууль хүлээх ажээ.
Хэрвээ дээрэлхүүлсэн хүүхэд нь амиа хорлосон бол хорих ялын хугацаа 10 жил, торгуулийн хэмжээ 150,000 евро болж нэмэгдэх гэнэ.
Энэ онд дээрэлхлийн хэд хэдэн ноцтой хэрэг Франц улсад гарсан юм. Тухайлбал энэ оны аравдугаар сард Францын зүүн бүсийн Алсас мужид 14 настай охин дээрэлхүүлсний улмаас амиа хорлож байв. Сургуулийнх нь хэсэг хүүхэд охиныг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, байнга дээрэлхэж зовоодог байсныг ээж нь гэрчилж байжээ.
Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макроны гэргий, багш мэргэжилтэй Брижит хүмүүнлэгийн ажлаа сургуулийн дээрэлхэлтэй тэмцэхэд чиглүүлээд байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!