Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

"10 мянган дэлгүүр хүнсний эрхийн бичгээр үйлчлэхэд бэлэн болоод байна"

А.Намуун, iKon.mn
2021 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд төр, хувийн хэвшилтэй хамтран хүнсний талоны үйлчилгээг НӨАТ-ын баримт буюу ебаримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүдээр олгохоор төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байгаа. Тус ажлын хүрээнд иргэдийг картжуулах, пин коджуулах, пос машины хөгжүүлэлт, хүнсний бүтээгдэхүүнийг бар коджуулах, сервисийн хөгжүүлэлт зэрэг олон ажлыг шат дараатайгаар төр, хувийн байгууллага хамтран зохион байгуулсан билээ.

Шинэчлэлийн хүрээнд нээлттэй, ил тод, тэгш хүртээмжтэй, сонголттой, хяналттай болгож бүх төрлийн дата анализ хийж чаддаг болсон.

Сонгон шалгаруулалтад шалгарсан зөвхөн гэрээ бүхий заасан дэлгүүрээр үйлчлүүлдэг байсныг болиулж иргэндээ сонголт хийх боломжийг олгосон. 

Мөн Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүнийг бар коджуулах ажлын эхлэл болж байгаагаараа онцлог юм. 

Өнөөдрийн байдлаар “Номин” тав трейд ХХК, “Оргил” худалдааны төв, “И Март” Скай хайпермаркет сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлэх боломжтой болсон. Эдгээрээс гадна өмнө нь хүнсний талонаар үйлчилгээ үзүүлж байсан 800 дэлгүүр системээ шинэчилж үйлчилгээ үзүүлж байгаа.

Цаашдаа 10 мянган дэлгүүр хүнсний эрхийн бичгээр үйлчлэхэд бэлэн болж бэлтгэлээ хангаад байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хамтран ажиллаж байгаа төрийн болон хувийн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч талархал илэрхийллээ.

Энэ үеэр сайд А.Ариунзаяа “Улсын төсвөөс мөнгө гаргахгүй хувийн хэвшилтэй хамтарч нийгмийн том асуудлыг шийдвэрлэж чадсан сайн жишээ боллоо. Цаашид ч хамтран дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Ил тод, нээлттэй, хүнд сурталгүй үйлчилгээг бий болгохын тулд төр дангаараа ажиллах боломжгүй. Тиймээс төр, хувийн хэвшил, иргэдийн дэмжлэг, хамтын ажиллагаа хэр чухал болохыг харуулсан Та бүхэнд талархал илэрхийлье” гэв.

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний шинэчлэлд Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв УҮГ, Монголын банкны холбоо, Төрийн банк, Хаан банк, Голомт банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, бусад арилжааны банк, Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо, Жи Эс-1 Монгол ТББ, Систем хөгжүүлэгч 22 байгууллага, Номин” тав трейд ХХК, “Оргил” худалдааны төв, “И Март” Скай хайпермаркет зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа юм.

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг цахимжуулахад төр болон хувийн хэвшлийн 30 гаруй байгууллагын 120 ажилтан, албан хаагч ажиллаж байгаа.

Цаашид НӨАТ-ын баримт олгодог 235 мянга гаруй хүнсний дэлгүүр, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжийг нээхээр ажиллаж байгаа аж.