Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын төв хэвлэл сураггүй болсон теннисчин эмэгтэйн дүрс бичлэгийг нийтэд үзүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Нэг үе чансаагаараа дэлхийд тэргүүлж байсан теннисчин Пэн Шуай энэ сарын эхээр Хятадын Коммунист Намын өндөр албан тушаалтны бэлгийн дарамтын талаар сошиал хуудсандаа мэдээлсний дараа сураггүй алга болсон юм.

35 настай тамирчин бүсгүйн мэдэгдэл тэр дороо Хятадын сошиал сүлжээнээс устгагдаж, нэрээр нь мэдээлэл хайхыг хүртэл интернэтэд хориглож байжээ.

Пэн Шуайн хувь заяанд санаа зовж байгаагаа дэлхийн теннисний одууд илэрхийлж, эсэн мэнд байгааг нь батлан харуулахыг АНУ-ын засаг захиргаа, НҮБ зэрэг олон улсын байгууллагууд Хятадын эрх баригчдад уриалсан юм.

Тэгвэл өчигдөр Хятадын Коммунист Намын англи хэл дээр нийтлэгддэг Global Times сонины сошиал хуудсанд Пэн Шуай дасгалжуулагч, найз нартайгаа ресторанд байгаа дүрс бичлэгийг нийтэлжээ.

Дэлхийн Эмэгтэйчүүдийн Теннисний Холбооны ерөнхийлөгч Стив Саймон “Түүнийг харах таатай байгаа ч тэр эрх чөлөөтэй, бусдын нөлөөгүйгээр шийдвэр гаргаж буй эсэх нь тодорхойгүй хэвээр байна” гэж мэдэгдсэн байна.

Саймон өчигдөр АНУ дахь Хятадын элчин сайдад хандаж бичсэн захидалдаа Пэн Шуайд гадаад явах зөвшөөрөл олгох, эсвэл видео холбоогоор өөртэй нь ганцаараа ярилцах боломж өгөхийг хүсжээ.

Дэлхийн теннисний одууд болох Серена Уилльямс, Новак Жокович, Наоми Осака нар Пэн Шуайн хувь заяанд санаа зовж буйгаа өмнө нь илэрхийлээд байгаа. Өчигдөр Швейцарын од Рожер Федерер тэдэнтэй дуу хоолойгоо нэгтгэсэн байна.

“Түүнийг аюулгүй байгаа гэдэгт би найдаж байна. Дэлхийн теннисний ертөнц түүний төлөө нэгдэж, сайн мэдээ ирэхийг чих тавин хүлээж байна” гэж тэр мэдэгджээ.

 

Эх сурвалж: BBC