Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын үндсэн хуулийн эх хувь $43 саяар зарагдлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын үндсэн хуулийн цөөн үлдсэн эх хувиудын нэгийг өчигдөр Нью-Йорк хотноо дуудлага худалдаагаар зарахад нэрээ нууцалсан нэг эрхэм $43.2 саяар худалдан авчээ.

1787 онд үндсэн хуулийн эхийг 500 хувь хэвлэснээс өнөөдөр ердөө 13 ширхэг үлдсэн байдаг.

Хамгийн сүүлд 1988 онд нэг хувийг нь дуудлага худалдаагаар зарахад $165,000-ийн үнэ хүрч байжээ. Тэгвэл энэ удаа үүнээс 260 дахин өндөр үнээр зарагдсан байна.

Дуудлага худалдаанд хоёр этгээд үнэ хаялцаж, өрсөлдөөн ердөө найман минутын хугацаанд үргэлжилсэн байна.

Худалдаж авсан этгээд нь нэрээ нууцалж байгаа. Харин түүнтэй өрсөлдсөн тал нь “ConstitutionDAO” нэрийн дор нэгдсэн бүлэг хүмүүс байв. DAO нь “Decentralised Autonomous Organization” гэсэн нэрийн товчлол юм. Тэд үндсэн хуулийн эх хувийг олон нийтэд нээлттэй үзмэр болгох амлалт өгч, криптовалютаар хандив цуглуулах аяныг интернэтэд өрнүүлсэн байна.

72 цагийн дотор тус бүлэг 17,437 хүнээс 11,600 этериумийн хандив цуглуулж чадсан ч дуудлага худалдаанд ялагджээ. Одоо тэд амласан ёсоороо хандивлагчдад криптовалютыг нь гүйлгээний шимтгэлийг хасаад буцааж шилжүүлэх гэнэ.

Үндсэн хуулийн эхийг $15-$20 саяар зарагдана гэж Sotheby’s дуудлага худалдааны төв төсөөлж байсан ч үүнээс бараг гурав дахин өндөр үнэ хүрсэн юм.

Урьд өмнө нь ямар ч ном, гар бичмэл, түүхэн бичиг баримт ийм өндөр үнэ хүрч байгаагүйг тус төв баталж байна.

 

Эх сурвалж: The Guardian