Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Камала Харрис АНУ-ын ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэсэн анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч болж, түүхэнд бичигдлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн өглөө АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден жил тутмын эрүүл мэндийн үзлэгт орохдоо бүдүүн гэдсээ дурандуулахын тулд хэсэг хугацаанд мэдээ алдуулалт хийлгэсэн байна.

1967 онд батлагдсан Үндсэн хуулийн 25 дугаар нэмэлтийн гуравдугаар заалтын дагуу энэ хугацаанд АНУ-ын ерөнхийлөгчийн үүргийг дэд ерөнхийлөгч нь түр орлон гүйцэтгэдэг.

Ингэснээр дэд ерөнхийлөгч Камала Харрис АНУ-ын ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэсэн анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч болж түүхэнд бичигдэж байна.

Үндсэн хуулийн дээрх заалтыг өмнө нь Жорж Бушийг гэдсээ дурандуулах үед хоёр удаа л хэрэгжүүлж байжээ.

Камала Харрис нийт 85 минутын хугацаанд АНУ-ын ерөнхийлөгчийг орлосон байна.

Гэхдээ тус улсын 250 орчим жилийн түүхэнд дэд ерөнхийлөгч биш эмэгтэй ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэсэн ганц тохиолдол байдаг.

1919 онд ерөнхийлөгч Вүдроу Уилсон зүрхний шигдээсээр өвдөхөд гэргий Эдит нь хэсэг хугацаанд орлож байжээ.

Ерөнхийлөгч Жо Байдены хувьд өнөөдөр буюу Бямба гарагт 79 нас хүрч байгаа. Тэрбээр өнгөрсөн онд 77 насандаа сонгуульд ялалт байгуулж, АНУ-ын түүхэнд хамгийн өндөр настай ерөнхийлөгч болсон юм.

Тиймээс Байдены эрүүл мэндийн асуудал олон нийтийн анхаарлын төвд байдаг.

Нийслэл Вашингтоны ойролцоох Уолтер Ридийн Үндэсний Эрүүл Мэндийн Төвд зохион байгуулсан ерөнхийлөгчийн эрүүл мэндийн үзлэгийн үр дүнг удахгүй олон нийтэд танилцуулахаа Цагаан ордноос мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Bloomberg