Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Учрал: Иргэн бүр хүүхдийнхээ кибер аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр гишүүд кибер аюулгүй байдалтай холбоотой асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Э.Батшугар: 2013 онд АТГ-ын ажилтан гаднын тусгай үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг хөлслөөд тухайн үед Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан миний компьютерт нэвтэрсэн. Энэ мэдээлэл өнгөрсөн онд ил болсон.

Монголбанкы аюулгүй байдлыг тагнуулын байгууллага хариуцдаг. Гэтэл өөр нэг төрийн байгууллага гаднынхныг хөлсөлж хакердуулж байна. Үүнийг яаж засах вэ. Энэ хуулиар зохицуулах уу.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Монгол Улсын иргэдийн мэдээллийг 700 ам.доллароор худалдах гэж байсан гэх мэдээлэлд хариулт өгөөрэй.

Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Э.Эрдэнэ: 2013 оны үед болсон явдлын прокурорын байгууллагад хандаж шалгуулах боломжтой.

Монгол Улсын 2.3 сая иргэний мэдээлэлтэй холбоотой асуудлыг тагнуулын байгууллага шалгаж байгаа. Шалгалтын процесс үргэлжилж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Хүүхдийг цахим халдлагаас хэрхэн хамгаалж байна вэ. Монгол Улс хүүхдээ цахим халдлагаас хамгаалж чадахгүй, нэлээд ноцтой түвшинд хүрсэн судалгаа гарсан байна. Энэ чиглэлд ямар дорвитой ажил хийх вэ. 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдсанаар бид олон улсын цахилгаан холбооны байгууллагатай хамтран ажиллах боломж бүрдэнэ. Нэгдэн орсон гэрээ, конвенцын хүрээндз манай улс кибер орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээдэг.

Тиймээс хүүхдийн кибер аюулаас хүүхдийг хамгаалах үүргийг асран хамгаалагчид хүлээлгэсэн заалтыг энэ хуульд тусгасан. Жишээ нь, хуулийн 17 дугаар зүйлд “Иргэн өөрийн болон өөрийн асрамжид байгаа хүний кибер аюулгүй байдлыг хариуцна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, иргэн бүр хүүхдийнхээ кибер аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээнэ. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Хүүхдийн кибер аюулгүй байдлыг зөвхөн эцэг эхчүүдэд даатгаж болохгүй. Яагаад гэвэл эцэг эхчүүдийн 75 хувь нь хүүхдээ кибер халдлагаас хамгаалж чаддаггүй гэсэн судалгаа гарсан байна. Тэгэхээр төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй дээр интернэтийн компаниудад үүрэг хүлээлгэх шаардлагатай байна.