Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Израилийн батлан хамгаалахын сайдын гэрийн үйлчлэгч тагнуулын хэргээр баривчлагджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Израил улсын батлан хамгаалахын сайд Бэнни Ганц

Израиль улсын батлан хамгаалахын сайдын гэрийн үйлчлэгч Ирантай холбоотой хакеруудтай хамтарч ажиллах санал тавиад баригдсан тухай албаныхан өчигдөр мэдээлжээ.

Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан Омри Горен гэгч этгээд яагаад батлан хамгаалахын сайд Бэнни Ганцийн гэрт ажиллах болсон нь асуудал үүсгэсэн байна.

Үүнтэй холбоотойгоор төрийн өндөр албан тушаалтнуудад үйлчлэх хүмүүсийг өндөр шалгуураар сонгодог болох асуудал Израилийн эрх баригчдын хүрээнд хурцаар яригдаж эхэлжээ.

Аюулаас хамгаалах албаны мэдээлснээр Омри Горен эхлээд Израилийн хэвлэлээс “Хар сүүдэр” нэртэй хакерын бүлэг байдаг тухай мэдэж ав сан байна. Дараа нь тэр уг бүлэгтэй Телеграм сүлжээгээр холбогдож, өөрийгөө батлан хамгаалахын сайдын гэрт ажилладаг тухай мэдээлжээ.

Үүнийгээ батлахын тулд Горен сайдын гэрт авсан хэд хэдэн гэрэл зургийг хакеруудад үзүүлсэн байна.

Дараа нь тэр сайдын компьютерт тагнуулын вирус халдаахаар хакеруудтай тохиролцож, үүнийхээ хариуд мөнгө авахаар болсон гэнэ. Гэвч Горен төлөвлөгөөгөө хэрэгжүүлж амжилгүй тусгай албаныханд баригджээ.

Израилийн хэвлэлд мэдээлснээр Горен өмнө нь хулгай, зэвсэгт дээрэм зэрэг дөрвөн удаагийн гэмт хэрэг үйлдэж байсан этгээд гэнэ. Түүний хамтарч ажиллахыг завдсан “Хар сүүдэр” бүлэг нь Ираны талтай холбоотой, өмнө нь хэд хэдэн удаа Израилийн компьютерын системд халдах ажиллагаа зохион байгуулж байжээ.

“Жил бүр татвар төлөгчдийн олон арван сая шекелээр санхүүждэг Израиль улсын аюулаас хамгаалах систем ийм сул ажиллаж байгаа нь санаа зовоож байна. Энэ хэрэг Иранчуудын инээдийг хүргэж байгаа нь лавтай” гэж Израилийн нэртэй сэтгүүлчдийн нэг Барак Равид сошиал хуудсандаа бичжээ.

 

Эх сурвалж: Associated Press