Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Эквадорын шоронд цуст мөргөлдөөн гарсны улмаас 68 хоригдол алагджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Эквадорын шоронд цуст мөргөлдөөн гарсны улмаас 68 хоригдол алагджээ
Sara, ikon.mn - text to speech

Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнө Өмнөд Америк тивийн Эквадор улсын хамгийн том шоронд гэмт хэргийн бүлэглэлүүдийн хооронд мөргөлдөөн гарсны улмаас 68 хоригдол алагджээ.

Литорал нэртэй уг шорон нь тус улсын хамгийн том хот Гуаяакилийн орчимд байдаг. Мөргөлдөөний үеэр 68 хоригдол алагдаж, 25 хоригдол шархадсан тухай Эквадорын Прокурорын Газар өчигдөр мэдээлжээ.

Өнгөрсөн есдүгээр сард гарсан бас нэг мөргөлдөөний үеэр Литорал шоронд 119 хоригдол алагдаж байв.

Энэ он гарсаар Эквадорын нийт шоронгуудад 300 орчим хоригдол алагдаад байна.

Баасан гарагийн шөнө гарсан мөргөлдөөнийг Бямба гарагийн өглөө цэрэг, цагдаагийн хүч зогсоож чаджээ.

Эквадор улсын шоронгуудад нийт 40,000 хүн хоригдож байгаагаас 8,500 нь Литоралд хоригддог. Шоронгуудын багтаамж үндэсний хэмжээнд 55 хувиар хэтэрсэн байдгаас Литоралд 62 хувийн хэтрэлттэй байгаа гэнэ.

Өнгөрсөн сард Эквадорын шоронгуудын захиргаа ачааллыг багасгахын тулд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өндөр настай 2,000 орчим хоригдлыг өршөөлөөр суллах шийдвэрээ зарласан юм.

Эквадорын гэмт хэргийн бүлэглэлүүд Мексикийн Синалоа, Халиско зэрэг хар тамхины томоохон картелиудын бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэн борлуулах болсноор хоорондын тэмцэл нь улам ширүүсэж, шоронд хүртэл өрнөдөг болоод байгааг албаныхан тайлбарлаж байна.

 

Эх сурвалж: Al Jazeera