Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд Шри Ланка улс авто замын ослоос татвар авахаар төлөвлөжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Цар тахлын дараах эдийн засгийн гүн хямралаас гарахын тулд Өмнөд Азийн Шри Ланка улсын засгийн газар төрөл бүрийн шинэ татварыг ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Тухайлбал авто замын осол гаргасан буруутай этгээд татвар төлдөг болох санал боловсруулснаа тус улсын сангийн сайд Басил Ражапакса өчигдөр парламентдаа танилцуулсан байна.

Ийм татвар бий болсны үр дүнд авто замын осол багасах давхар сайн талтайг тэр бас хэлжээ.

Энэ онд Шри Ланка улсын төсвийн алдагдал үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 11.1 хувьд хүрсэн юм. Тэгвэл 2022 оны алдагдлыг бууруулж, 8.8 хувьд тогтоон барих зорилтыг засгийн газар нь тавиад байна.

Өчигдөр сангийн сайд ослын татвар яг ямар хэмжээтэй байх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

Шри Ланка улсын авто зам дэлхийд хамгийн аюултайд тооцогддог. Жил бүр авто замын ослын улмаас 3,000 гаруй хүн амиа алдаж, 25,000 орчим хүн бэртэж гэмтдэг гэсэн тоо бий.

Сангийн сайд Ражапаксагийн хэлснээр Шри Ланка улсын гадаад валютын нөөц энэ жил  $2.3 тэрбумд хүрсэн нь ноцтой асуудал болоод байгаа гэнэ. Хоёр жилийн өмнө энэ хэмжээ $7.5 тэрбум байжээ.

1978 онд чөлөөт эдийн засгийн системд шилжсэнээсээ хойш Шри Ланка улс ийм гүн санхүүгийн хямралд орж байгаагүйг Ражапакса хэлсэн байна. 2020 онд тус улсын эдийн засаг 3.6 хувиар агшсан нь мөн түүхэнд тэмдэглэгдэх муу үзүүлэлт болсон юм.

Төсвийн алдагдлаа бууруулахын тулд бусад арга хэмжээнүүдийг бас төлөвлөсөн байна. Тухайлбал архи, тамхины татварыг нэмэгдүүлэх, жилд $10 саяас дээш ашиг олдог компаниудаас нэг удаагийн онцгой татвар авах, санхүүгийн үйлчилгээнүүдэд оноох НӨАТ-ын хэмжээг 15 хувиас 18 хувь болгон өсгөх зэрэг ажлууд төлөвлөгджээ.

Мөн төрийн албан хаагчдын тэтгэврийн насыг 60-аас 65 болгон хойшлуулах замаар зардлаа бууруулахаар болсон байна.

 

Эх сурвалж: AFP