Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусь-Польшийн хилийн ойролцоо болсон сургуулилалтын үеэр ОХУ-ын хоёр цэрэг амиа алджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Орос, Беларусь хоёр улс Беларусь-Польшийн хилийн ойролцоо цэргийн хамтарсан сургуулилалт зохион байгуулжээ.

Энэ үеэр Оросын десантын хоёр цэрэг шүхрээр буух үедээ амиа алдсан байна.

ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээлснээр Беларусийн Гродно орчимд тус улсын армийн Ил-76 хүнд даацын нисэх онгоцноос десантын 250 цэрэг шүхрээр буужээ.

Гэвч хүчтэй салхины улмаас хоёр цэргийн шүхэр газардахын өмнө хумигдаж, нөөц шүхрээ задалж амжилгүй унаж бэртсэн байна. Цэргүүдийг эмнэлэгт хүргэсэн ч удалгүй нас баржээ.

Сургуулилалтын дараа шүхрээр буусан цэргүүдийг мөн ижил онгоцоор буцаан ОХУ-д хүргэснийг батлан хамгаалах яам нь мэдээлсэн байна.

Сургуулилалт зохион байгуулагдсан Гродно бүс нутаг Польшийн хилд ойрхон байдаг.

Хилийн бүс нутагт мөргөлдөөн үүсвэл ОХУ-ын талаас холбоотны үүргээ гүйцэтгэж, шуурхай хариу арга хэмжээ авч чадах эсэхийг шалгах зорилготой сургуулилалт зохион байгуулсныг Беларусийн батлан хамгаалах яам мэдээлжээ.

Энэ долоо хоногийн Лхагва, Пүрэв гарагуудад ОХУ-ын тал стратегийн бөмбөгдөгч онгоцнуудаа Беларусийн нутаг дээгүүр нисгэж, бөмбөг хаях сургууль хийлгэсэн нь Москвагийн эрх баригчид Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенког дэмжиж буйн илрэл болсон юм.

Энэ долоо хоногийн эхээр Ойрх Дорнодын хэдэн мянган дүрвэгч Беларусиас Польш руу нэвтрэхээр хоёр улсын хил дээр бөөгнөрөөд байгаа. Европын Холбоо болон АНУ уг хямралыг Беларусийн ерөнхийлөгч Лукашенко зориудаар зохион байгуулж байна хэмээн буруутгадаг.

Минскийн тал үүнийг эрс няцааж, дүрвэгсдийн урсгалыг цаашид тогтоон барих боломжгүй болсныг өрнөдийнхөнд анхааруулж байгаа.

Польш улс дүрвэгсдийн урсгалыг зогсоохын тулд хил дээрээ 15,000 орчим цэрэг болон зэвсэг техник татан төвлөрүүлсэн гэх мэдээлэл бий.

Энэ талаар Беларусийн батлан хамгаалахын сайд Виктор Хренин хэлэхдээ “Би тэдэнд өөрийн хүч чадлыг битгий хэтрүүлэн үнэл гэж хэлмээр байна. Айлган сүрдүүлэх, өдөөн хатгах явдлыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Беларусийн зэвсэгт хүчин ямар ч халдлагад хатуу хариу цохилт өгөхөд бэлэн байна” гэжээ.

 

Эх сурвалж: Associated Press