Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Орос улс Беларусь руу стратегийн бөмбөгдөгч нисэх онгоцнуудаа илгээжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Орос улс Беларусь руу стратегийн бөмбөгдөгч нисэх онгоцнуудаа илгээжээ
Sara, ikon.mn - text to speech

Пүрэв гарагт ОХУ-ын хоёр стратегийн бөмбөгдөгч нисэх онгоц Беларусийн нутаг дэвсгэрт сургуулилалтын нислэг үйлджээ. ОХУ-ын тал хоёр дахь өдрөө дараалан ийм арга хэмжээ авсан байна.

Ту-160 онгоцнууд Ружанскийн буудлагын талбайд бөмбөг хаях сургуулилалт хийсэн тухай Беларусийн батлан хамгаалахын яам мэдээлжээ. Уг талбай нь Польшийн хилээс зүүн зүгт 60 км зайтай оршдог.

ОХУ-ын нисэх онгоцнуудтай хамт Беларусийн сөнөөгч онгоцнууд мөн сургуулилалтад оролцжээ.

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр ярихдаа тус улсын Польштой залгаа хил дээр үүссэн нөхцөл байдлыг зохицуулахад Оросын бөмбөгдөгч онгоцнууд шаардлагатай болсныг хэлсэн байна.

“Тэд орилж хашхирч л байг. Тиймээ, эд бол цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай онгоцнууд. Бидэнд өөр сонголт байсангүй” гэж Лукашенко ярьжээ.

Сүүлийн өдрүүдэд Ойрх Дорнодоос ирсэн Иракийн Курд голдуу дүрвэгчид Беларусиас Польшийн нутагт нэвтрэхийг оролдож байгаа. Хилийн Беларусийн талд хэдэн мянган дүрвэгч бөөгнөрөөд байгаа бол Польшийн талд 15,000 цэрэг хамгаалалтад дайчлагдаад байна.

Польшийн цэргүүд хил дагуу тор татах, хашаа босгох зэрэг ажил гүйцэтгэж байгаа юм. Мөн хил давах гэсэн дүрвэгчдийн оролдлогыг таслан зогсоож байна.

Европын Холбоонд багтдаг Польш, Литва. Латви улсуудын удирдагчид дүрвэгчдийн урсгалыг ОХУ-ын заавраар Беларусийн эрх баригчид зориуд зохион байгуулж байна хэмээн буруутгаж байгаа.

Өчигдөр тусгаар тогтнолын өдөрт зориулан үг хэлэхдээ Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецки “жирийн иргэдийг зэвсэг болгон ашигладаг шинэ төрлийн дайнтай бид нүүр тулгараад байна” гэж хэлжээ.

Европын Холбоо ирэх долоо хоногт Беларусийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авах талаар хэлэлцэх юм. Лукашенко хэрвээ шинэ хориг зарлавал ОХУ-аас Европ руу байгалийн хий нийлүүлдэг хоолойг хаана гэж сүрдүүлээд байгаа.

Өчигдөр Германы канцлер Ангела Меркель ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр дахь удаагаа утсаар ярихдаа Беларусийн хил дээр үүссэн хямралыг зохицуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Харин Путин уг саналыг хүлээж авахаас татгалзаж, Европын Холбоо Беларусийн засгийн газартай шууд хэлэлцээ хийхийг хариу санал болгожээ. Европын Холбооны удирдлагууд өнөөдрийг хүртэл Александр Лукашенкотой шууд харилцахаас зайлсхийсээр байгаа юм.

 

Эх сурвалж: AFP