Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ши Жиньпиний статусыг өргөх түүхэн тогтоолыг Хятадын Коммунист Нам гаргажээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Ши Жиньпиний статусыг өргөх түүхэн тогтоолыг Хятадын Коммунист Нам гаргажээ
Sara, ikon.mn - text to speech

Өчигдөр Хятадын Коммунист Нам бүгд хурлаараа одоогийн төрийн тэргүүн Ши Жиньпиний улс орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг онцгойлон магтсан ховор тогтоолыг гаргажээ.

Тодруулбал Ши Жиньпинийг Хятад улсын хөгжил цэцэглэлтэд “шийдвэрлэх үүрэг” гүйцэтгэсэн хүн хэмээн сайшаасан байна.

Тус намын 100 жилийн түүхэнд ийм тогтоол гурав дахь удаагаа гарч байгаа нь энэ юм.

Өмнөх хоёр тогтоолыг 1949 онд БНХАУ-ыг үүсгэн байгуулсан Мао Зэдун, 1980-аад оны үед Хятад улсын эдийн засгийг хүчирхэгжүүлэх эхлэлийг тавьсан Дэн Сяопин нарт зориулан гаргаж байжээ.

Хурлын тогтоолд Хятад улс нь Ши Жиньпиний удирдлага дор “түүхэн амжилт гаргаж, түүхэн шилжилт хийж” буйг онцолсон байна. Бас “Нөхөр Ши Жиньпинийг намын төв хорооны төдийгүй бүх намын цөм болгосон нь Хятад улсыг хүчирхэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм” гэжээ.

Төрийн төв мэдээллийн агентлаг Шиньхуа “Нам, зэвсэгт хүчин, үндэстэн ястнууд бүгд нөхөр Ши Жиньпинээр удирдуулсан намын төв хороог тойрон нягтарч, Хятадын онцлогтой социализмын шинэ эринд бүрэн шилжихийн төлөө ажиллахыг ХКН-ын төв хороо уриаллаа” гэж мэдээлсэн байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын Коммунист Намын лидерүүдийн дунд өрнөж байсан эрх мэдлийн төлөө өрсөлдөөний дүн гарч, ялагч тодорсныг энэхүү тогтоол харуулж байна гэж ажиглагчид дүгнэжээ.

2018 онд ХКН тус улсын төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацааг хязгааргүй болгох шийдвэр гаргаснаар Ши Жиньпиний засаглал удаан үргэлжлэх нөхцлийг бүрдүүлж байв.

 

Эх сурвалж: AFP