Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Орос улс Украиныг эзлэхээр төлөвлөж байж болзошгүйг АНУ өөрийн Европ дахь холбоотнуудад анхааруулжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Орос улс Украиныг эзлэхээр төлөвлөж байж болзошгүйг АНУ өөрийн Европ дахь холбоотнуудад анхааруулжээ
Sara, ikon.mn - text to speech

Орос улс Украиныг эзлэхээр төлөвлөж байж болзошгүйг АНУ өөрийн Европ дахь холбоотнуудад анхааруулсан тухай албаны эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.

Сүүлийн үед Пентагон Украины хилийн орчимд ОХУ цэрэг, зэвсгийн хүчээ төвлөрүүлж буйг анхааралтай ажиглаж байгаа.

ОХУ-ын тал үүнийгээ дотоодын асуудал, ямар нэг эзлэн түрэмгийлэх ажиллагаа явуулах зорилгогүй гэж тайлбарладаг. Харин эсрэгээрээ нутаг дэвсгэрийнх нь ойролцоо Хар тэнгисийн усанд АНУ-ыг байлдааны хөлгүүдээ илгээн өдөөн хатгаж байна хэмээн шүүмжилдэг юм.

Өнгөрсөн хавар ОХУ-ыг Украины хилийн орчимд 100,000 цэрэг, танк, нисэх онгоцнууд байрлуулсанд АНУ, NATO эсэргүүцэл илэрхийлж, талуудын сөргөлдөөн ширүүсэж байжээ.

Зургаадугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар Швейцарын Женевт уулзсаны дараа уг сөргөлдөөн намжсан юм.

Тэгвэл энэ удаа нөхцөл байдал дахин хурцдаж эхлээд байна.

Саяхан АНУ-ын Тагнуулын Төв Газрын захирал Билл Бурнс ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан нь Украины хилийн нөхцөл байдалтай холбоотой байж болзошгүй юм.

Утсаар ярьсныхаа дараа Бурнс энэ сард багтаан Москвад айлчлахаар болсон байна.

Лхагва гарагт Германы канцлер Ангела Меркель бас утсаар ярихдаа Польш-Беларусийн хил дээр үүссэн нөхцөл байдлыг зохицуулахад дэмжлэг үзүүлэхийг Путинээс хүсжээ.

Харин Путин уг асуудалд оролцохоос татгалзсан тухай мэдээ ирж байна.

Тэгвэл Пүрэв гарагт буюу өчигдөр Меркель, Путин нар дахин утсаар ярихдаа Беларусь, Украины асуудлыг хэлэлцсэн тухай Кремлиэс мэдээлжээ.

Польшийн хил дээр зориуд дүрвэгчдийн хямрал үүсгэж буй Беларусийн эрх баригчдын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах талаар Европын Холбоо хэлэлцэж эхлээд байгаа. Тэгвэл өчигдөр Беларусийн ерөнхийлөгч Лукашенко хариуд нь ОХУ-аас Европ руу байгалийн хий нийлүүлдэг хоолойг хаана хэмээн сүрдүүлжээ.

“Польш, Литвийн удирдлагууд болон бусад хоосон толгойтой хүмүүст би ярихаасаа өмнө саян бодохыг зөвлөмөөр байна” гэж Александр Лукашенко мэдэгдсэн юм.

Польш-Беларусийн хилийн хямралыг ОХУ-ын эрх баригчид Европын Холбоонд тогтворгүй байдал үүсгэх зорилгоор зохион байгуулсан гэж үзэж байгаагаа АНУ-ын засаг захиргааны хоёр албан тушаалтан саяхан илэрхийлсэн байна.

Өчигдөр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчидтэй уулзахдаа “Беларусь, Польшийн хил дээр өрнөж буй үйл явдалтай Орос улс ямар ч холбоогүй” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Bloomberg